Уйлъя гэвэл “Саран хөхөө”
Уяръя гэвэл “Ушаандар”
Санаа муутай болъё гэвэл “Сан Гүо”
Сайн аальт болъё гэвэл “Субашид” үз хэмээн монгол түмэн минь үр хүүхдэдээ ном уншихын ач тусыг эртнээс нааш сургаж ирсэн түүхтэй.
Номын цагаан буян дэлгэрүүлэхээр орчин үеийн хэв шинж, материаллаг баазаар тоноглогдсон Хүүхдийн номын өргөө Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд өрхөө татаад удаагүй байна.
Уг номын өргөө нь бага, дунд, ахлах ангийнханд зориулсан гурван танхимтай. Бага ангийн сурагчдад зориулсан танхим нь үндэсний хэв шинж агуулсан, жинхэнэ монгол үнэр “ханхалж” байв.
Өрөөг тэр чигт нь тольдвол хана туурга бүрт нь монгол бичгээр сийлсэн сургаал үгс оршино. Дотоод засал чимэглэлийг нарийн шинжвэл цаанаа л монгол гэрт ороод суучихсан мэт санагдана.
Энд, тэнд инээд хөөр бялхаж, номоо уншаад ойлгоогүй хүүхдүүд ар дагзаа сэмхэн илж, тэрүүхэн тэндээ жуумалзаж харагдана. Зарим нэг нь оньсон тоглоом тоглоод учрыг нь ололгүй, уруулаа унжуулаад, үйлдэл бүрээ нарийн шалгаж суух юм.
Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг. Гэхдээ тус төвд зочилсон хүн бүрт тэнгэр ойрхон мэт санагдаж магад. Дунд ангийн сурагчдад зориулсан танхимын таазанд огторгуйг дүрсэлж.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан тусгай сандал, ширээ ч нүдний өмнө илхэн харагдана. Дунд бүлгийн номын санч С.Батцэрэн “Удахгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан тусгай төхөөрөмж ирнэ.

Түүнчлэн энэ өрөө тэр чигтээ цахим ертөнцтэй холбогдоно” гэв. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан, цахим ертөнцөд холбогдох болон бусад төхөөрөмжийг Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-аас буцалтгүй тусламжаар өгч байгаа аж.
Нийт өртөг нь 80 гаруй сая төгрөг. Тоног төхөөрөмж ирвэл эдний үйл ажиллагаа жигдэрч, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллахад амар болох гэнэ.
Харин ахлах ангийнханд зориулсан танхимд амар амгалан ноёрхож байв. Удахгүй сургуулиа төгсөх гэж буй хэсэг сурагч хичээлээ шамдан хийж буй дүр зураг нүдний өмнө тодорно. Ахлах ангийнхан дүү нараа бодвол илүү төлөв төвшин байдаг тул яг түүнд нь тааруулан тохижуулжээ.
Хүүхдийн номын өргөөний эрхлэгч Ц.Баянмөнх “Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд уг төвийг барих санааг анх гаргасан. Өөрийнх нь мөрөөдлийн төв байсан гэсэн. Тийм ч учраас үүнийг ажил хэрэг болгосон нь энэ.
Тус төвийг барихад нийт 1.2 тэрбум гаруй төгрөг зарцуулсан. Манай номын өргөөнд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас нийт 3000 гаруй ном илгээсэн. Одоогоор номын хүрэлцээ муу байгаа.
Ирэх онд шинэ ном худалдаж авах төлөвлөгөөтэй” гэв. Тэрбээр хүүхдийн сонирхол, авьяас чадварт нийцсэн дугуйлан нээхээр төлөвлөж байгаагаа онцолсон.
Түүнчлэн ирэх онд ТИКА-аас буцалтгүй тусламжаар 80 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмж ирвэл хүүхэд, багачуудаа албан ёсоор бүртгэн цахим үнэмлэх тарааж, дотоод журмаа батлан, үйл ажиллагаагаа тогтворжуулах аж.
“Заримдаа номын санд хичээл хийгээд суухаар дэвтэр, номоо тэврээд унтчихдаг. Энэ төвд ирж хичээл хийхэд урамтай байдаг. Уйдах ч зав байдаггүй. Өнгө өнгийн чамин зүйлс харах бүрт хичээл хийх урам зориг орчихдог.
Гэхдээ номын хүрэлцээ муу, хичээл хийхэд хэрэгтэй зарим гарын авлага байдаггүй. Зөндөө олон номтой болчихвол сайхан аа” гэж тус номын сангаар үйлчлүүлдэг М.Намуун охин ярив.
Дашрамд дурдахад, Хүүхдийн номын өргөө нь хүүхдэд зориулсан хоёр дахь номын сан юм. Харин орчин нөхцөл, техник технологи нь олон улсын стандартад нийцсэн анхны номын сан гэнэ.
А.ТҮМЭННОМИН