Өдөр хоногоор хүйтний эрч чангарах өвөл цаг. Өнөөх л цаасан хайрцгаа хажуудаа тавиад хүйтэн шалан дээр суух гуталчин. Тэрбээр “Хүнсний-1” дэлгүүрийн үүдэнд 25 жил гутал зассан.
Түүнийг Мятавын Ганболд гэдэг. Ганболд эхнэр Б.Оюунгэрэлийнхээ хамт 1990 оноос л тэр газарт төвхнөжээ. Ажлын байр нь төдийгүй амьдрал нь болсон энэ л газартаа гутлаа засаж, олсон орлогоороо үр хүүхдүүдээ тэжээж өдий хүрсэн хоёр.
Гэвч гутал засдаг жижигхэн асрыг нь хоёр сарын өмнө хот тохижуулах нэрийн дор нийслэлийн Чингэлтэй дүүргийн Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн, IV хорооны засаг дарга нар буулгасан учир тэд ийнхүү хүйтэн шалан дээр суухаас өөр аргагүйд хүрчээ.
Б.Ганболд Улаанбаатар хотын уугуул. 1985 онд наймдугаар ангиа төгсөөд цэргийн алба хааж ирээд МСҮТ-д гуталчин мэргэжил эзэмшсэн байна. “Гутлаа хэр арчилж буйгаас хүнийг таньж болдог юм шүү.
Гутлынх нь ул далийсан хүнийг харахаар өөрийн эрхгүй “тэгшлээд өгье” гэж хэлчих гээд байдаг юм. Үйлчлүүлэгчийнхээ гутлыг сайн, чанартай засаж янзлаад өгөхөөр дахиад өөр хүн дагуулаад ирдэг. Хүмүүсийн итгэлийг алдахгүйн төлөө л хичээж ажилладаг даа” гэж тэрбээр ярьсан.
Тэр хавийнхан түүнийг анддаггүй юм билээ. Алт мөнгөний “Уран гоёл” дэлгүүрийн худалдагчид тэр хоёрын амьдралыг өөрсдөөс нь илүү мэддэг гэхэд нэг их хол зөрөхгүй болов уу.
Тус дэлгүүрийн худалдагч бүсгүй “Дэлгүүртээ ирэх замдаа л даараад байхад энэ хүйтэнд Ганболд ах, Оюунаа эгч хоёр өдөржингөө гадаа яаж байдаг байна аа. Ингэж суугааг нь харахаар өрөвдөх юм.
Гэхдээ манай хоёр өвчтэй хүүхдийнхээ эм тарианы мөнгийг таслахгүй, хоосон хонуулахгүй гэхдээ л ингэж суугаа юм. Өөр орлого байх биш” гэж аминчлан ярьсан.
Ганболд ахын бага хүү элэгний задрал гэсэн оноштойгоор хэвтэрт байдаг аж. Хүү нь хэдий 21 нас хүрсэн ч ажил хийж чадахгүй, боломжгүй учраас аав ээжийнхээ л гар харж, өдөр хоногийг өнгөрөөдөг юм байна.
Тэдний гутал засдаг жижигхэн асар нь хэдий тохь муутай ч өвлийн жавар, хаврын хавсарга, зуны нар, намрын борооноос халхаад л байдаг байсныг тэд дурсан яриад “Бид ямар тамхи зарсан биш дээ.
Үйлчилгээ үзүүлж байхад “ТҮЦ-ийн хүмүүс та нартай барьцаад байна, Хурдан наад саравчаа буулга” гэсээр байгаад л ажлын байргүй болгочихлоо. Энэ газартаа олон жил ажилласан болохоор байнга үйлчлүүлдэг хүмүүстэй болсон.
Тэднийгээ алдахгүйн тулд ингээд л сууж байна. Гутал засварын газар энд тэндгүй байгаа ч эхнэр бид хоёрыг зориод ирдэг хүмүүстээ баярлаж сууна” гэв.
Гутал тослохоос эхлээд бүх л ажилд нь тусалдаг түүний эхнэр Оюунгэрэл ч мөн гуталчин мэргэжилтэй. Гутлын үйлдвэрт ажиллаж байхад нь түүнд Чехэд сурах боломж олдсон ч ар гэрийн гачигдлаас болоод удалгүй эргээд ирсэн гэнэ. “Ажилд оръё гэхээр 40 гарсан гээд авах газар олдохгүй юм.
Ажлын байртай болтлоо 12 дугаар байрны орцонд хэд хоног ажиллахаар болсон. Гэхдээ тэнд байгааг минь хүмүүс мэдэхгүй болохоор дэлгүүрийнхээ үүдэнд л сууж байна” гэлээ. Тэд гутлын материалаа “Нарантуул” захаас авдаг аж.
Материалынхаа мөнгийг хасаад нэг гутлыг 3000-5000 төгрөгөөр засдаг юм байна. Өвлийн хүйтэнд гутал засуулах хүн ховор байдаг учраас зарим өдөр ямар ч орлогогүй харих нь бий гэнэ. Гэвч дассан газрын даавуу зөөлөн гэгчээр “Хүнсний –1” дэлгүүрээс холдож чаддаггүй гэнэ.
Өнөөдөр хэр “олз”-той байгааг Ганболд ахаас асуухад, “Хоёр хүний гутал заслаа. Хүүхдийнхээ төлөө өвлийн хүйтэнд ч хамаагүй зогсоно доо. Хорооны Засаг даргатайгаа уулзаж, биднийг ажлын байртай болгож өгөөч гэж гуйсан. Нааштай юм сонсогдохгүй л байна.
Гутал засдаг саравчныхаа өнгө үзэмжийг сайжруулж, цэвэрхэн сууя гэж хэлсэн” гэв. Үүний дагуу тус хорооны Засаг дарга С.Отгонсүрэнтэй холбогдон Ганболд ах, Оюунгэрэл эгчийг ажлын байртай болгох боломж бий, эсэхийг лавласан юм. Тэрбээр “Ил задгай үйлчилгээ эрхлэгчдийг цэгцлэх бодлого нийслэлээс баримталаж байгаа. Манай хороонд эко ТҮЦ зургааг байршуулсан.
Манай хоёр гуталчин өвлийн хүйтэнд хоёр ажлын машинтай, даавуун саравчинд суудаг байсан. Гудамж, зам талбайн үзэмжийг шинэчлэхээр тэдний ажлын байр гологдож эхэлсэн л дээ.
Хөл хөдөлгөөн ихтэй газар болохоор тэр хоёр байнгын үйлчлүүлэгчтэй юм билээ. Саравчийг нь буулгаснаас хойш тэд дэлгүүрийн үүдэнд сууж байгаа. Өөр газар ажиллах боломжгүй гээд амьдралаа ярьж ирсэн.
Тиймээс “Хүнсний-1” дэлгүүрийн хойд талд газар гарган өгч, ажлын байртай болгохоор ярилцаж байгаа” гэлээ.
Болж дээ. Удахгүй тэд ажлын байртай болох нь шиг байна. “Намайг Улаанбаатарт оюутан болж ирэхэд л “Хүнсний-1” дэлгүүрийн үүдэнд гутал засдаг байсан ах одоо ч яг л хэвээрээ сууж байхаар сэтгэлд нэг дотно.
Гуталчин ах тэр газар байхгүй бол нэг л эзэнгүй мэт санагдах байх даа” гэж ярьсан танилын минь яриа санаанд орлоо. Ганболд ах, Оюунгэрэл эгч хоёрын байх ёстой газар нь тэр л бололтой.
Ч.БОЛОРТУЯА