Хан-Уул дүүрэгт 2015-2016 оны хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн харилцааны 28 сургуульд 22300 хүүхэд, 88 цэцэрлэгт 10800 гаруй хүүхэд багачууд суралцаж байдаг аж. Гэтэл тус дүүргийн XV хороо төрийн өмчийн нэг ч цэцэрлэггүй байсан бол өнөөдөр нэг цэцэрлэг, бага сургуулийн цогцолбор нээлтээ хийлээ. Тодруулбал, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын захиалгаар өнгөрсөн оны есдүгээр сараас баригдаж эхэлсэн 130 дугаар бага сургууль, 218 дугаар цэцэрлэгийн цогцолборыг энэ оны аравдугаар сарын 30-нд улсын комиссод хүлээлгэн өгсөн аж. Улмаар өнгөрсөн сарын 30-наас үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар бага сургуульд зургаан бүлгийн 125 сурагч, цэцэрлэгт 241 хүүхэд суралцаж байгаа юм. Уг нь бага сургууль нь 180 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай ч 1-5 дугаар анги хүртэл суралцаж төгсөөд хаана, ямар сургуульд орох вэ гэдэг нь тодорхойгүй учир анги дүүргэлт 23-24 хүүхэд, харин 4-5 дугаар ангиудад 10 хүрэхгүй хүүхэд хичээллэж байгаа талаар 130 дугаар бага сургуулийн захирал Б.Алтанчимэг хэлж байсан юм. Гэхдээ Хан-Уул дүүрэгт ирэх оноос дунд, ахлах сургуулиуд баригдаж эхлэх гэнэ.
Энэ үеэр НЗДТГ-ын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч дарга Ц.Буяндалай “Хан-Уул дүүргийн 15-р хорооны цэцэрлэг болон бага сургуулийн насны хүүхдүүд гэртэйгээ ойрхон тохь тухтай орчинд суралцах боломжтой болсонд Нийслэлийн удирдлагын зүгээс баяртай байгаагаа хэлмээр байна. Энэхүү цогцолборыг барьж байгуулах, санхүүгийнх нь эх үүсвэрийг нийслэлийн төсөвт суулгахын төлөө хичээж ажилласан НИТХ-ын төлөөлөгч Д.Байдраг болон бүх төлөөлөгчид, барилгын ажлын гүйцэтгэгч компаниудад баярлаж талархсанаа илэрхийлмээр байна. Тиймээс энэ сургууль, цэцэрлэгийн цогцолборын үйл ажиллагаа цаашид улам өргөжиж, хүүхдүүдэд маань үр өгөөжөө өгсөн сайхан “эрдмийн их уурхай” болоосой гэж ерөөгөөд нээлтийн ажиллагаа эхэлснийг мэдэгдье” гэлээ.
Үүний дараа Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг нээлтийн үеэр хэлэхдээ “Хан-Уул дүүргийн 50 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан гурван бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, таван цэцэрлэг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Үүний дагуу олон ч ажлыг хийж байна. Ер нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо бол төрийн өмчгүй цэцэрлэг, сургуульгүй ганц хороо байсан бол өнөөдөр анхных нь ашиглалтад ороод нээлтээ хийж байгаад маш их баяртай байна. Энэ жилийн хувьд цэцэрлэгүүдийн хувьд хоёр цэцэрлэг нээлтээ хийчихсэн байгаа. Удахгүй нэг нь ашиглалтад орохоор төлөвлөгдөж байгаа. Ер нь бидний зүгээс цэцэрлэг, бага сургуулийн хүрэлцээг нэмэгдүүлэх чиглэлээр нэлээд их ажлууд хийж байгаа. Ирэх жилийн гурван сар энэхүү бага сургуулийн хажууд 960 хүүхдийн сургууль барьж эхэлнэ” гэсэн юм.