Ерөнхий сайд Ч.Сайханбилэг шатахууны үнэ бууруулах үүргийг өгсөн. Цагааннуур, Ярант, Боршоо, Арцсуурь, Тэс, Бургастай, Гашуунсухайт, Шивээхүрэн, Баянхошуу, Бичигт, Хавирга, Ханх зэрэг боомтоор импортлох нефтийн бүтээгдэхүүнд ногдуулах татварыг тэглэснээр алслагдсан аймгийн иргэд төвийн бүсийнхэнтэй ижил үнээр шатахуун авах боломж бүрдэж буй.
Өнгөрөгч долоо хоногт баруун аймгуудад шатахууны үнийг 280 хүртэл төгрөгөөр бууруулсан бол өнөөдөр Дорнод аймагт "Алслагдсан бүс нутгийн шатахууны үнийг төвийн бүсийн шатахууны үнэтэй ойролцоо түвшинд хүргэх арга хэмжээ" болж, Дорнод аймагт гэхэд шатахууны үнэ 80-220 төгрөгөөр хямдарлаа. Энэ жишгээр зүүн аймгуудад шатахууны үнэ хямдрах юм. Үүнийг дагаад өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ буурна гэж Засгийн газрын гишүүд үзэж байгаа аж.