Худалдаа хөгжлийн банкийг зэвсэгт этгээдүүд дээрэмдсэн хэрэг өнөөдөр 09.00 цагийн үед гарлаа. Багаар нүүрээ халхалсан хоёр хүн банкны ажилтанг өглөө ажилдаа ирэх үед араас нь дагаж ороод "Дарвинк" маркийн ангийн буу тулган 300 гаруй сая төгрөг дээрэмдсэн байна.
Тус банк нь Сонгинохайрхан дүүрэг, Геологийн төв лабораторийн баруун талд байрлалтай "БСБ Электроникс" суперстор дэлгүүрийн байранд байдаг. Өдөр бүр 10.00-18.00 цагийн хооронд ажилладаг аж. ХХБ-ны дээрх салбар нь үйлчлүүлэгч цөөтэй, дэлгүүрийн хажууд байдаг тул олон хүн холхисон, ажилтнууд нь эмх замбараагүй орж, гарсан хүмүүс байдаг талаар зарим эх сурвалж ярьж байна. Энэ байдал нь ийнхүү халдлагад өртөх шалтгаан болсон бололтой.
ХХБ-ны энэ салбар хотын баруун захад байрлалтай ганц салбар нь аж. Иймээс өнгөрсөн баасан, бямба гаригт олсон орлогоо төв салбартаа тушаагаагүй байсан тул их хэмжээний мөнгөтэй байжээ. Дээрэмчид банкны энэ мэт сул талыг сайтар судалсны эцэст үйлдсэн байж магадгүй юм. Түүнчлэн хяналтын камерийг ч хаана байдгийг мэдэж байсан гэнэ. Энэ хэргийг тус дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байгаа бөгөөд гэмт этгээдүүдийг эрэн сурвалжилж байна.