Архангай аймгийн цахир сумын иргэд нийслэл орох гэж хонон өнжин явдаг байж. Жолооч нарын ур чадварыг шавхсан уг замыг хатуу хучилттай болгож, баруун аймгийн иргэдийн магнайг тэнийлгэж, сэтгэлийг сэргээсэн үйл явдал өнгөрөгч нээлтийн үйл ажиллагаа өнгөрөгч баасан гаригт болж өндөрлөлөө. 2014 оны дөрөвдүгээр сард эхэлсэн Халзанбүргэдэйн даваанаас Солонготын даваа хүртэлх 100 км зам барих ажлыг Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар "Мон роуд" компани хийж гүйцэтгэсэн байна. Өнгөрөгч аравдугаар сарын 30-нд хүлээлгэн өгсөн замын нээлтийн ёслолын ажиллагаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Зам тээврийн сайд М.Зоригт, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар, Я.Санжмятав зэрэг албаны хүмүүс оролцлоо.
Шинэчлэлийн засгийн газраас Шийдлийн засаг газар хүртэл үргэлжилсэн бүтээн байгуулалт ирэх онд ч үргэлжилнэ гэдгийг нээлтийн үеэр М.Зоригт сайд өгүүлсэн бөгөөд 2016 он гэхэд бүх аймгийн төвийг хатуу хучилттай замаар холбоно гэдгийг энэ үеэр онцолсон юм. Нээлтийн үеэр Я.Санжмятав гишүүн "Энэ зам баригдахыг Завханы иргэд олон жил хүлээсэн. Солонготын давааг сэтэртэл хүлээсэн" хэмээн шинэ замын ач холбогдлыг тодорхойлсон.
Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "Бидний зогсож буй яг энэ цэг Улаанбаатар хотоос 700 км хол. 21 аймгийг хатуу хучилттай замаар холбоно гэхэд зарим хүн итгэхгүй байсан. Харин баруун аймгуудыг хатуу хучилттай замаар холбох их ажлын суурь нь энэ зам боллоо. Тун удахгүй энэ зам Завхан, Увс, Баян-Өлгийд хүрнэ" хэмээсэн юм.
Архангайн Өндөр-Улаан, Тариат, Цахир сумыг дайран өнгөрч буй уг зам Тэрхийн цагаан нуур, Хоргын тогоо зэрэг байгалийн үзэсгэлэнт газарт саадгүй хүрэх боломжийг иргэдэд олгож буй. Тиймдээ ч Хөвсгөл аймагт өнгөрөгч зун дотоодын жуулчид хэдэн мянгаар очсоны адил энэ жил Хоргын тогоо, Тэрхийн цагаан нуурыг зорих дотоодын жуулчдын цуваа тасрахгүйгээс гадна орон нутаг дахь үйлдвэрлэл, үйлчилгээ ч хөгжнө хэмээн үзэж байгаагаа УИХ-ын гишүүн Н.Батбаяр хэлсэн.
Их бүтээн байгуулалт иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлөх талаар Архангай аймгийн Цахир сумын иргэн С.Ганбаатараас тодруулахад "Зөвхөн цаг хугацааны хувьд гэхэд бид хот хүртэл багадаа 15-20 цаг явдаг байсан бол энэ хугацааг ердөө найман цаг болгож хэмнэж буй. Тэр хэрээр шатахуун хэмнэнэ. Түүнээс гадна энхэл донхол, нугачаа, бартаа ихтэй Солонготын давааны замаар явахад зам зуур машин эвдэрч, нийслэл хүрэхээс өмнө гурван удаа зогсож засвар хийх тохиолдол ч бий. Тиймээс иргэдийн хувьд маш том хөрөнгө оруулалт болж буй" гэв.
Түүнчлэн энэ үеэр Архангай аймгийн "Гудамж" төслийн авто замын болон Архангай аймгийн Авто тээврийн үндэсний төвийн нээлт болсон. 2014 оны 94 дүгээр тогтоолын дагуу орон нутгуудад хэрэгжүүлсэн "Гудамж" төслийн хүрээнд Архангай аймгийн төвд 8.7 км автозам, 3.25 км дугуйн зам, долоон уулзварын өргөтгөл шинэчлэлийн ажлыг "ОДНД", "Готик голд", "Архангайн авто зам түншлэл" компаниуд хийж гүйцэтгэжээ.