Хэргийн газарт цагдаагийнхан ажиллаж байлаа. 2015.12.13-ны 15.00 цаг
Худалдаа хөгжлийн банкны “Таван шар” тооцооны төвд өчигдөр өглөө 10.00 цагийн үед зэвсэглэсэн этгээдүүд халдаж, 380 орчим сая төгрөг дээрэмдлээ. Уг салбар амралтын өдрүүдэд ч ажилладаг бөгөөд БСБ дэлгүүр дотор байрладаг ч тус цахилгаан бараа, мебель тавилгын их дэлгүүр нь 10.30 цагаас онгойдог учир түүнээс өмнө баруун талаасаа ордог хаалгаараа иргэдэд үйлчилдэг аж.
Энэ уламжлалынхаа дагуу банк нээгдээд удаагүй байтал гаднаас нүүрээ маскаар халхалсан хоёр залуу орж ирээд буу тулган мөнгөө гаргаж өгөхийг шаардсан байна. Тухайн үед хамгаалагч Ням-Очир гэх залуу албан үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд хийн гар буу нь сумгүй байсан уу, эсвэл айж балмагдсандаа тэр үү, ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй гэнэ.
Дээрэмчид банкны тааз руу нэг удаа буудсан учраас банкны ажилтнууд айж цочирдсондоо ямар нэг хариу үйлдэл үзүүлэлгүй мөнгөө гаргаж уут, саванд хийж өгсөн гэх мэдээлэл ч байна.
Бид 11.00 цагийн үед хэргийн газарт очиход НЦГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд хэргийн газрын үзлэг хийж байсан учраас ямар ч хүн дотогш нь оруулахгүй байв.
Цагдаагийн зарим ажилтан “Энд гэмт халдлага гарсан нь үнэн. Бид гэмт этгээдүүдийг эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлж байна. Одоогоор хэчнээн төгрөгийг авч явсан гэсэн нарийн тооцоог нь гаргаагүй, орлого зарлагынх нь баримт, байсан мөнгийг нь тулгаж байна. Гэмт этгээдүүд багтай байсан учраас царай зүсийг нь харж чадаагүй гэж ажилтнууд нь хэлж байгаа” гэв.
Бидэнд олдсон мэдээллээр гэмт этгээдүүд дүрс бичлэгийг устгасан, эсвэл орохоосоо өмнө хяналтын камеруудын утсуудыг тасалсан байж болзошгүй байгаа гэнэ. Орон сууцны оршин суугчид, дэргэдэх БСБ дэлгүүрийнхнээс юу болсон талаар лавлахад “Буу барьсан багтай хоёр хүн орж ирээд агаарт нэг удаа хий буудан 380-аад сая төгрөгийг дээрэмдэж авсан гэж байна лээ.
Тэгээд өнөөдөр энэ салбар ажиллахгүй байгаа. Хороо, хэсгийн цагдаагийн ажилтнууд энэ байрны оршин суугчид, ойролцоох дэлгүүрийн худалдагчид, шуудангийн салбар, Геологийн төв лабораторийнхноос “Сэжигтэй хүмүүс энэ хавиар явсан эсэхийг тодруулан асууж явна лээ” гэсэн юм.
15.00 цагийн үед хэргийн газарт очиж дэлгүүр рүү нь ороход ямар нэг саадгүй байсан бөгөөд харин банкны хаалган дээр “Дотоод ажилтай тул өнөөдөр ажиллахгүй” гэсэн бичиг наасан байв.
Шилэн хаалтны дээгүүр нь харахад НЦГ, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэн хэргийн газрын үзлэгээ үргэлжлүүлж байсан бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, бусад мэргэжлийн албанаас тусгай мэргэжилтнүүд ирж, хяналтын камерын дүрс бичлэгийг сэргээхээр ажиллаж байсан юм.
Гэмт этгээдүүд энэ хэргийг хэд хоногийн өмнөөс төлөвлөн үйлдсэн байж болзошгүй байгаа нь хяналтын камерын утсуудыг тасалснаас харагдаж байна.
Гэхдээ аливаа гэмт хэрэг ямар нэг ул мөр үлдээдэг учраас сэжигтнүүдийг манай цагдаагийнхан удахгүй олж саатуулах биз.
Яагаад ингэж хэлэх болов гэхээр сэжигтнүүд машинд сууж байгаа нь дүрс бичлэгт үлдсэн гэх мэдээллийг албан бус эх сурвалжууд өглөө.
Өмнө нь зэвсэглэн банкинд халдсан хэргүүдийн зарим нь илэрч, цөөнгүй хэргийн эзэн холбогдогч нь тогтоогдолгүй хавтаст хэрэг нь түдгэлзүүлсэн хэргийн жагсаалтад орчихсон явж байгаа.
Тухайлбал, 2004-2005 оны үед “Анод” банкны “ТБД Андууд” дэлгүүрийн дэргэдэх салбарт зэвсэглэсэн этгээд халдаж, хамгаалагчийг нь шархдуулаад 125 сая төгрөг дээрэмдэн зугтсан юм. Уг хэргийг одоо болтол илрүүлж чадаагүй. Одоогоос хоёр жилийн өмнө “Голомт” банкин дахь хадгаламжаасаа мөнгө аваад гарч явсан хүнийг тоосгоор цохиж дээрэмдсэн.
Гэмт этгээдийг баривчлах үед тэрбээр бараг л бүх мөнгийг нь үрчихсэн, хадамдаа машин, өөрөө байр, машин авсан нь тогтоогдож, эд мөрийн баримтаар тэднийг нь хурааж авсан билээ.
“Хадгаламж” банкны Замын-Үүд дэх салбарт тоглоомон буу барьсан эмэгтэй 2013 оны хоёрдугаар сарын 3-нд халдаж, теллерийн дэргэд өрөөстэй байсан мөнгөнөөс гурван саяыг авч зугтахдаа хоёр боодлыг нь унаган сая төгрөгтэй гарсан. Хэд хоногийн дараа уг эмэгтэйг олж саатуулсан юм.
Түүнээс хойш нэг хэсэг банкинд халдсан гэмт хэрэг харьцангуй гарахгүй байсан ч энэ оны гуравдугаар сарын 7-нд Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Капитрон” банкинд мөн л зэвсэглэсэн этгээд халдаж, мөнгө авч зугтсан ч хамгаалагч нь хойноос нь гүйж цүнхнээс нь барьж авснаар гэмт этгээд баригдалгүй, банк хохиролгүй үлдэж байсан юм.
Г.РАВЖАА