Манайд жилд дунджаар 6000-7000 хүүхэд халуун хоол, цай, гал түймэр, зууханд түлэгдэж, 60-80 нь нас бардаг гэсэн статистик байна. Хүний арьс 1.6-2 ам метр хэмжээтэй, хамгийн том эрхтэн гэж анагаах ухаанд тодорхойлсон.
Энэ нь цус, ус гээд бүх шингэнийг гадагшлуулалгүй барьж байдаг. Тусгаарлах 7-8 бүрхүүлтэй, халуун дулаан нэвтрүүлдэг, халдвараас хамгаалдаг. Харамсалтай нь уг бүрхүүл түлэгдчихээр хүний биологийн энэ олон үйл ажиллагаа алдагдаж, хучуур эд нь холбогчоор солигдож, тэр чигтээ сорви үүсгэдэг юм билээ.
Манай түлэнхийн эмчилгээнд хиймэл арьс нэвтрээгүй тул эрүүл хэсгээс нь арьс авч, түлэгдсэнд нь нөхөх маягаар торгоож ирэв.
Харин IMTEC компанийнхан арьсны төрөл бүрийн гэмтлийг эмчлэх орчин үеийн технологийг Монголд нэвтрүүллээ.
БНСУ-д үйлдвэрлэсэн “Калодерм” (эсийн эмчилгээний бүтээгдэхүүн) хиймэл арьс нь шархны эдгэрэлтийг түргэсгэдэг, кератинаас тогтсон торлог бүтэцтэй аж.
Үүдэл эснээс гаргаж авсан энэ бүтээгдэхүүнийг түлэнхий, гоо сайхны болон чихрийн шижин өвчний улмаас үүссэн хөлний үрэвсэл, нурууны цоорхой зэрэг арьсны төрөл бүрийн согог, шархыг сорвигүй эмчлэхэд ашиглах боломжтой юм байна.
Уг бүтээгдэхүүн нь дэлхийд хоёрдогч бөгөөд яг иймийг өмнө нь АНУ гаргаж авсан аж. Өдгөө дэлхийн өндөр хөгжилтэй орнууд уг эмчилгээг тусламж, үйлчилгээндээ нэвтрүүлсээр байна.
О.УНДРАХ