Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журмыг хэлэлцэн баталлаа. Энэ оны 6 сард УИХ-аас “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулсан. Тиймээс нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас үйл ажиллагаандаа хүлээх үүрэг хариуцлагыг тодорхой болгох, түүнийг хэрэгжүүлэх, төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас зохицуулалт хийж хяналт тавих эрх зүйн орчинг сайжруулах зорилгоор журмыг шинэчлэх зайлшгүй шаардлагатай болсон гэж Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал танилцуулсан юм.
НИТХ-ын Тэргүүлэгчид энэхүү журмыг хэлэлцэн баталснаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам” 2016 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхлэх юм.
Журамд орсон гол гол өөрчлөлтүүдийг товчхон танилцуулахад тусгай зөвшөөрөл олгох шат дамжлагыг багасган Нийслэлийн Засаг даргын тамгын газрын “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-д хандаж , тусгай зөвшөөрөл хүссэн болгон зөвшөөрлөө авах боломжтой болсон. Мөн тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх бичиг баримтын тоог цөөлж, 6-8 төрлийн бичиг баримтыг дөрвөн төрөл болгожээ. Журамд хүсэлт гаргагч нь шинээр үйл ажиллагаа эхлэхээс өмнө нэг цэгийн үйлчилгээний Хүнс худалдаа, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэнээс мэргэжлийн зөвлөгөө авсан байна, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх тохижилт хийгдсэн байна, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Хотын албан татвар суутгагчаар бүртгүүлсэн байх тухайн дүүргийн харьяалах татварын албанд татвар суутгагчаар бүртгүүлээгүй болон суутгасан татварын тооцоо хийгдээгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх болон хүчингүй болгоно гэсэн заалтуудыг нэмж оруулжээ.