Хан-Уул дүүрэгт 2015-2016 оны хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн 28 сургуульд 22.300, 88 цэцэрлэгт 10.800 гаруй хүүхэд суралцаж байгаа аж. Харин тус дүүргийн XV хороо төрийн өмчийн нэг ч цэцэрлэггүй байсан бол цэцэрлэг, бага сургуулийн цогцолбортой боллоо.
Тодруулбал, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын захиалгаар өнгөрсөн оны есдүгээр сараас баригдаж эхэлсэн 130 дугаар бага сургууль, 218 дугаар цэцэрлэгийн цогцолборыг энэ оны аравдугаар сарын 30-нд улсын комисст хүлээлгэн өгсөн аж.
Өнгөрсөн сарын 30-наас үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд одоогоор бага сургуульд зургаан бүлгийн 125 сурагч, цэцэрлэгт 241 хүүхэд суралцаж байна.
Уг нь бага сургууль нь 180 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай ч 1-5 дугаар анги хүртэл суралцаж төгсөөд хаана, ямар сургуульд орох вэ гэдэг нь тодорхойгүй учир анги дүүргэлт 23-24 хүүхэд, харин 4-5 дугаар ангиудад 10 хүрэхгүй хүүхэд хичээллэж байгаа талаар 130 дугаар бага сургуулийн захирал Б.Алтанчимэг ярьж байсан юм. Гэхдээ Хан-Уул дүүрэгт ирэх оноос дунд, ахлах сургуулиуд баригдаж эхлэх гэнэ.
Энэ үеэр Нийслэлийн ЗДТГ-ын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч дарга Ц.Буяндалай “Хан-Уул дүүргийн XV хорооны цэцэрлэг болон бага сургуулийн хүүхдүүд гэртэйгээ ойрхон тохь тухтай орчинд суралцах боломж бүрдсэнд Нийслэлийн удирдлагын зүгээс баяртай байна.
Энэхүү цогцолборыг барьж байгуулах, санхүүгийнх нь эх үүсвэрийг нийслэлийн төсөвт суулгахын төлөө хичээж ажилласан НИТХ-ын төлөөлөгч Д.Байдраг болон бүх төлөөлөгчид, барилгын ажлын гүйцэтгэгч компаниудад баярлаж талархсанаа илэрхийлье.
Энэ сургууль, цэцэрлэгийн цогцолборын үйл ажиллагаа цаашид улам өргөжиж, хүүхдүүдэд маань үр өгөөжөө өгсөн сайхан “эрдмийн их уурхай” болоосой гэж ерөөе” гэлээ.
Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг нээлтийн үеэр “Хан-Уул дүүргийн 50 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан гурван бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, таван цэцэрлэг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.
Үүний дагуу олон ч ажлыг хийж байна. Энэ жил хоёр цэцэрлэг нээлтээ хийчихсэн байгаа. Удахгүй нэг нь ашиглалтад орохоор төлөвлөгдөж байна.
Ирэх жилийн гуравдугаар сард энэхүү бага сургуулийн хажууд 960 хүүхдийн сургууль барьж эхэлнэ” гэсэн юм.
Г.ЖАРГАЛМАА