“Улаанбаатарын нас барсан иргэдийн 10 хүн тутмын нэг нь агаарын бохирдлоос болж амиа алдаж байна” хэмээн Канадын Саймон Фрейсерийн их сургуулийн профессор “Агаарын чанар ба эрүүл мэнд” сэтгүүлд нийтэлжээ.
Тэрбээр Улаанбаатар хотын агаарын бохирдлын талаар судалгаа хийж, үр дүнгээ тайлагнасан нь энэ аж.
Эл өгүүлэлд “Азийн томоохон хотуудын нэг болох Улаанбаатар агаарын бохирдолтой тэмцэж буй бусад орнуудын адил энэ асуудалд төдийлэн ач холбогдол өгөхгүй байгаа нь харамсалтай. Гэтэл тэдний агаарын бохирдол байж болох хамгийн муу түвшинд байна. Бидний хийсэн судалгаанаас харахад тус хотын иргэдийн эрүүл мэндэд хамгийн их сөргөөр нөлөөлж буй хүчин зүйл бол агаарын бохирдол. Орчны бохирдлын нөлөө иргэдийн эрүүл мэндэд нөлөөлдөг талаар багагүй ярьдаг. Гэхдээ нас барагсдын 10 хувь нь агаарын бохирдлоос болж амиа алдаж байна гэдэг яриад өнгөрөх бус түгшүүр зарлах түвшинд хүрснийг харуулна. Улаанбаатарчуудын хувьд агаарын бохирдол нь замын ослоос ч илүү хор уршигтай байна гэсэн үг” гэжээ.