Орчин үеийн техник, технологийн боломжийг ашиглан хууль боловсруулахад иргэдийн саналыг түлхүү авах зорилготой нэгэн төсөл хэрэгжүүлэхээр болжээ.
УИХ-ын Тамгын газар, “Нийгмийн дэвшил эмэгтэйчүүд хөдөлгөөн” төрийн бус байгууллага хамтран, НҮБ-ын “Ардчилал” сангийн дэмжлэгтэйгээр энэхүү төслийг хэрэгжүүлэх аж.
“Цахим засаглалаар дамжуулан хууль боловсруулах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” нэртэй уг төслийн нээлт өнгөрсөн баасан гаригт Төрийн ордонд боллоо.
УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар энэ үеэр “УИХ-аас Хууль тогтоомжийн, Захиргааны ерөнхий, Нийтийн сонсголын тухай хуулийг баталснаар хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах нөхцөл бүрдсэн. Энэ хүрээнд уг төслийг хэрэгжүүлнэ” гэлээ.
Төслийн хүрээнд платформыг (вэб аппликэйшн) хөгжүүлэх, чадавхийг бэхжүүлэх, хэрэглээг эрчимжүүлэх, тогтвортой байдлыг хангах гэсэн гурван ажил хийх юм байна.
Мөн энэ үеэр УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, “Нийгмийн дэвшил эмэгтэйчүүд хөдөлгөөн”-ий гүйцэтгэх захирал С.Оюунтуяа нар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав.