Банк дээрэмдсэн залуус ах дүүс байсан төдийгүй хүнсний дэлгүүр нь дампуурснаас болж өрөнд орсон учраас машинаа өрийн барьцаанаас гаргахын тулд банк дээрэмдэхээр шийдсэн байна. Тэд "Дорбинка" маркийн ангийн бууг интернэт худалдаанаас авсан гэдгээ мэдүүлсэн.
Э, Б нар өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, эрхэлсэн тодорхой ажилгүй. Тэд өнөөдөр өглөө 09.00 цагт СХД, БЗД-т байрлах саунаас баригджээ. Хэрэг хийхдээ ашигласан саарал өнгийн "Приус 20" маркийн машинаа 21 дүгээр хороололд байрнуудын дунд орхисон байжээ. Машинд банкнаас дээрэмдсэн 380 орчим сая төгрөг нь бүрнээрээ байсан аж.
Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147.3-т зааснаар буюу дээрэм хийхдээ урьдчилан үгссэн, бэлтгэсэн, галт зэвсэг ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан гэдэг үндэслэлээр хэрэг үүсгэн СХД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж буй.
Энэ хэрэгт холбогдуулан банкны зарим ажилтанг шалгаж байгаа аж. Учир нь камерын бичлэгийн болон нөхцөл байдлын талаарх мэдээлэл дотроосоо алдагдсан байж болзошгүй хэмээн үзэж байгаа юм байна.