Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүх хурлаар энэ сарын 16-ны лхагва гаригт Хон хэрээдийн гэж алдаршсан Б.Энхбатад холбогдох хэргийг хянан хэлэлцэхээр болжээ.
Тэрбээр хэргээ хянан хэлэлцүүлэхээр удаа дараа гомдол гаргасан юм. Түүний гомдлыг шүүх хүлээн авах болсон нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн холбогдох заалт Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдож, түүнийг нь шинэчлэн найруулж, хуульд тусгасантай холбоотой аж.
Б.Энхбатад Баянзүрх дүүргийн шүүх 2008 онд цаазаар авах ял шийтгэсэн юм. Харин давж заалдах шатны шүүх 25 жил хорих ял болгосон.
Тухайн үед Улсын дээд шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч л хяналтын журмаар гомдол гаргах хууль үйлчилж байсан учраас Б.Энхбат өөрөө хэчнээн гомдол бичсэн ч хүлээж авдаггүй байсан аж.
“Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн холбогдох заалт буюу хяналтын шатны шүүхэд өмгөөлөгч л гомдол гаргах эрхтэй байгаа нь Үндсэн хууль зөрчсөн байна” гэж Үндсэн хуулийн цэц үзсэн аж.
Үүний дагуу тус хуульд УИХ 2014 онд өөрчлөлт оруулжээ. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342.1-ийг “Давж заалдах шатны шүүх ял оноосон, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй” хэмээн өөрчлөн найруулжээ.
Улсын дээд шүүх “Эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэнэ” гэсэн хуулийн заалтын дагуу, дээрх хуульд орсон энэ өөрчлөлтийг баримтлан Б.Энхбатын хуулийн хугацаанд гаргасан гомдолд үндэслэн хэргийг нь хянахаар болсон бололтой.
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт тэрбээр 30 хоногийн дотор гомдол гаргасан ч Дээд шүүх хяналгүй байсаар Цэцийн шийдвэрийн дараа ийнхүү хэлэлцэхээр болоод байгаа аж.
Б.Энхбатад анхан шатны шүүх цаазаар авах ял оноосон нь ч бас ийнхүү хэргийг нь хянахад нөлөөлсөн бололтой.
Хон хэрээдийн Б.Энхбат 2007 оны наймдугаар сард охин Э.Гоомаралынхаа БНХАУ-д сурч байгаад ирсэн найз залуу Ч-ыг зодож, улмаар буудан хөнөөснийг шүүх тогтоосон.
Тэрбээр Тахир соёот дахь гянданд таван жил ял эдлээд өдгөө дэглэм нь буурч Мааньт дахь чанга дэглэмтэй хорих ангид хүмүүжиж байгаа юм.
Г.РАВЖАА