УИХ хууль батлах, түүндээ хяналт тавих үндсэн хоёр үүрэгтэй. Гэвч эрхэм түшээд энэ үүргээ хангалттай биелүүлдэг үү. Хүмүүст хэрэгтэй, өгөөжөө өгч буй хууль баталж буйг үгүйсгэхгүй.
Гэвч голдуу л асуудал дагуулсан “бүтээгдэхүүн” эрхэм түшээдийн гараас гардаг. Баталсан хууль нь Цэцээр шүүгдэж, буруудна. Эсвэл өнөөдөр баталснаа маргааш нь засна. Иймэрхүү хэл ам гарахгүй юм гэхэд амьдрал дээр өнөөхийг нь хэрэгжүүлэхэд түмэн саад учирна.
Агаараар дүүлсэн, амьдралаас тасарсан голдуу зүйл, заалт тусгачихсанаас тэр. Ажиглаад байхад эрхэм түшээдийн намаар талцан хийгээд буй аливаа улс төрийн гол бай өөрсдийнх нь баталсан хууль, тогтоол байх юм.
Тэгэхээр баталсан хууль нь “но”-той гэдгийг УИХ-ын гишүүд хүлээн зөвшөөрч байна гэсэн үг.
Эсвэл тухайн хууль, тогтоолыг батлах хоёр гурван шатны хэлэлцүүлгийн үеэр унтаж байсан, эсвэл утсаар ярьж, candy crush тоглож, өөр хоорондоо хуучилж байгаад ямар заалт тусгаснаа мэддэггүй бололтой юм. Хэдэн жилийн дараа гэнэт “сэрнэ”, тэгээд л улстөржинө.
Эхний жишээ бол саяхан болсон жагсаал. Дээд шүүхэд бүртгэлтэй 20 гаруй намын төлөөлөл гэх залуус сонгуулийн саналын хуудсыг тоолох автоматжуулсан төхөөрөмжийг эсэргүүцэж, загварыг нь СЕХ-ны өмнө шатаасан.
Уг нь МАН тэргүүтэй эдгээр намынхан “Сонгуулийн хуульд саналын хуудсыг автомат төхөөрөмжөөс гадна гараар давхар тоолъё” гэдэг шаардлага тавьж буй. Гэвч жагсаал нь арай өөр болчих шиг болсон. Учраа мэдэхгүй, цөс нь хөөрсөн залуус л зорилгоо “андуурчихав” уу, яав.
Хамгийн гол нь эргэлзээд байгаа “хар машин”-ыг ашиглана гэсэн зохицуулалт бүхий Автоматжуулсан системийн тухай хуулийг 2011 онд МАН олонх байхдаа баталсан. Тухайн үед техникийн дэвшил хэмээн үзэж байсан төхөөрөмж нь өнөөдөр луйврын гол буруутан болсон бололтой юм.
Хамгийн хөгжилтэй нь, эрхэм гишүүд үүндээ СЕХ-г буруутгаж, “Содномцэрэн чи л энэ хар машиныг ашиглах гээд зүтгээд байна. Саналын хуудсыг гараар тоолохоор юу нь болохгүй болчихоод байгаа юм” гэж буй.
Гэтэл СЕХ бол хууль хэрэгжүүлэх үүрэгтэй л байгууллага. Ямар сайндаа л тус байгууллагын дарга Ч.Содномцэрэн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр ингэж загнуулсныхаа дараа “УИХ-аас баталсан хуулийг л бид хэрэгжүүлж байгаа.
Та бүхэн хуулиа өөрчлөөд гараар давхар тоолно гэвэл бидэнд татгалзах юм байхгүй” хэмээн тайлбарлаж байх вэ. Тэгэхээр гудамжинд жагсаж байхын оронд МАН, МАХН-ынхан гараар тоолох хуулийн төслөө оруулж ирээд л батлуулах лообий хий л дээ. Хууль тогтоогчдын бүрэн эрх биз дээ.
Хоёр дахь жишээ бол бонд. 1.5 тэрбум ам.долларын “Чингис” бонд арилжихыг зөвшөөрсөн тогтоолыг УИХ-аас 2012 оны аравдугаар сарын 25-нд 76.9 хувийн саналаар баталсан.
Бас л өөрсдийнх нь баталсан тогтоол, улстөржүүлдэг нэг гол сэдэв. Хөгжлийн банкнаас гаргасан бондын зарцуулалтыг хянах Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан ажлын хэсэг хэдэн өдөр маргаан өрнүүлчихээд таг болчихлоо.
Ажлын хэсгийн гишүүд нь намаар талцаж, дүгнэлт дээрээ санал нэгдэж чадахгүй байгаа. Бондын зарцуулалт но-той байна гэсэн мэдээллийг ажлын хэсэг дэх МАН-ын гишүүд зарласан бол АН-ынхан нь “Нэгдсэн дүгнэлт гараагүй байхад үндэслэлгүй мэдээлэл тарааж, улстөржиж байна” гээд хүлээн зөвшөөрөөгүй.
“Чингис” бондоос 5.4 сая доллар “алга болсон” хэмээн МАН-ынхан мэдэгдсэн бол Хөгжлийн банкныхан болон АН-ынхан “Аливаа бондыг босгохдоо түүний 0.2-0.3 хувьтай тэнцэх мөнгийг үйл ажиллагааны зардалд зориулдаг.
“Чингис” бондын 0.35 хувь буюу 5.4 сая долларыг зардалд шууд шилжүүлсэн” гэсэн тайлбар хийсэн билээ. Энэ асуудал сөхөгдөхтэй зэрэгцээд АН, МАН-ын гэлтгүй цөөнгүй гишүүний компани бондоос зээл авсан нь ил болов. Тиймээс л “Хэрээ хэрээнийхээ харыг гайхаад яах вэ” гээд асуудал намжчихав уу даа.
Монголчууд тогоон дотроо нэгнийхээ харыг дуудаад, улстөржөөд түүндээ эдийн засгийн эмзэг сэдвийг хавчуулаад болж байна гэж үзье. Хоёр өдөр хэрэлдээд гурав дахь өдрөө ханцуйн дотроо тохиролцчихдог юм гэж саная.
Гэвч ингээд л асуудал дуусчихгүй. Хөгжлийн банк, бонд тойрсон элдэв хардлага, баталгаагүй мэдээлэл олон улсад Монголын нэр хүндийг хэрхэн унагаж буйг тэд бодолцсонгүй. Уг банк гадаад зах зээлээс хөрөнгө босгодог.
Хөгжлийн төлөөх төслүүдийг санхүүжүүлдэг. Гэтэл улстөрчид талцан элдэв мэдээлэл тараах бүрт манай үнэт цаасны ханш унаж, хөгжилд зориулах гэж байсан хөрөнгө оруулалтаа гадаадынхан татаж байна.
Тэд аливаад хариуцлагатай ханддаг хүмүүс. Манайхан шиг “За энэ хэдэн тэнэг л улстөржиж байна” гээд тоохгүй орхихгүй. УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч нь бондын зарцуулалт асуудалтай гэж хэлсэн бол үнэн гэж үзнэ.
Итгэл алдарна. Долоо хоног үргэлжилсэн дээрх маргааны буруутнаар Монгол Улс тодроод дууссан гэхэд болно.
Өөр нэг жишээ. Үндсэн хуулийн цэцээс гаргасан дүгнэлт тойрсон улстөржилтөөс болоод банкууд найман хувийн хүүтэй орон сууцны зээлээ зогсоож орхилоо.
АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр “Орон сууцны зээлийн хүү найм байсныг МАН 20 хувь болгох дүгнэлт Цэцээр гаргуулчихлаа” гэж жиргэснээс хамаг хэрэг үүдэв.
МАН ч, Цэц ч тайлбар хийж, биеэ өмгөөлөв. Гэвч эцсийн дүнд зээл авахаар хөөцөлдөж байсан иргэд л хохироод дуусаж байна.
Амнаас гаргах үг бүртээ хариуцлагатай хандаж, улс төрийн шоу хийхдээ эдийн засагт хоргүй бай сонгож байвал яасан юм бэ, түшээд ээ. Хамгийн гол нь өөрсдөө баталсан хуулиа л шүүгээд байх юм.
Хийгүй хууль баталж, түүнийхээ хэрэгжилтэд маш сайн хяналт тавих үүрэг хэнийх юм бэ, УИХ-ынх. Явж явж та нар өөрсдийгөө шүүгээд яллаад, үр дүнд нь гарч буй энэ их улстөржилтөд чинь улс орон “живээд” дуусах нь.
С.ТУУЛ