24 дүгээр сургуулийн цайны газар. 18.00 цаг
Чингэлтэй дүүргийн III хороонд байрлах улсын тэргүүний 24 дүгээр сургуулийн цайны газарт өчигдөр 06.40 цагт гал гарчээ.
Сургуулийн жижүүр нийслэлийн Онцгой байдлын газарт дуудлага өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн найман албан хаагч, хоёр автомашин хөлөглөн 06.50 цагт очиж, цахилгаан зуух, бусад эд зүйлс шатаж байсныг унтраажээ.
Тус сургуульд 12.00 цагийн үед очиход үдээс хойш буюу 13.00 цагаас хичээл нь эхлэх хүүхдүүд эхнээсээ ирсэн байлаа. Тэд “Манай сургуулийн цайны газар шатчихсан. Өнөөдөр үдийн цай, хоол өгөхгүй бол өлсөх байх даа” гэцгээж байв.
Харин гал гарсан цайны газрын ажилчид хаалгаа дотроос нь цоожлоод цэвэрлэгээ хийж байлаа. Тэд “Бид хэвлэлд ярилцлага өгөхгүй. Хариуцсан хүн нь байхгүй” гэв. Энэ талаар тус сургуулийн сургалтын менежер Ц.Баттулгаас тодрууллаа.
Ц.БАТТУЛГА: ҮДИЙН ЦАЙГААР
ТАСЛАХГҮЙ БАЙХЫГ ШААРДАНА
-Та гал гарсныг хэзээ мэдсэн бэ?
-Өглөө намайг ажилдаа ирэхэд сургуулийн хоёр, гуравдугаар давхар утаа болсон байсан. Цайны газрын ажилчид өглөө эрт ирж, багш, сурагчдын хоол, цай бэлтгэдэг. Гэтэл 06.40 цагийн үед цахилгааны гэмтлээс болж гал гарсан.
Сургуулийн жижүүр нийслэлийн Онцгой байдлын газарт дуудлага өгсөн юм билээ. Тэд таван минутын дотор л ирсэн гэсэн. Цайны газар нэлээд тортог болсон учраас цэвэрлэж байна.
Тэд гадна талын хаалгаа онгойлгож, утаа гаргасан гэсэн. Сургууль дотор утаатай байсан учраас өглөөний ээлжийн хүүхдүүдэд хичээл ороогүй, гэр лүү нь буцаасан. Үдээс хойших ангийнхан хэвийн хичээллэнэ.
-Цайны газар ажиллах боломжгүй байна. Үдийн цайгаа хэрхэн зохицуулах вэ?
-Энэ цайны газар манай сургуулийн харьяа биш. Сургуульд ерөөсөө хамаагүй. Нийслэлийн Өмчийн харилцааны газраас зарласан тендерт “Машид мандах үйлс” компани шалгарснаар энэ цайны газар өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээс ажиллаж эхэлсэн.
Өөрөөр хэлбэл, тэд манай сургуулийн хүүхдүүдэд үдийн цай өгөх гэрээтэй ажиллаж байгаа. Одоогоор тус цайны газрынхан хүүхдүүдэд үдийн цай өгөх боломжтой, эсэхээ бидэнд мэдэгдээгүй байна. Тэд үдийн цайгаар таслахгүй байх үүрэгтэй.
-Хэрэв боломжгүй гэвэл та бүхэн ямар арга хэмжээ авах вэ?
-Үдийн цай өгөхийг шаардана. Гэвч хэд хоног бэлэн бүтээгдэхүүн л өгөх болов уу.
-Хэчнээн хүүхэд үдийн цайнд хамрагддаг вэ?
-1-5 дугаар ангийн 1500 хүүхэд бий.
Ч.БОЛОРТУЯА