Тэднийг өчигдөр сургуулиас нь Харшийн сүлд модны наадамд оролцох урилгаар шагнав
Энэтхэгийн Дели хотод болсон соробан сампин, цээж бодолтын дэлхийн аварга шалгаруулах уралдаанд амжилттай оролцож, алтан медаль хүртсэн Э.Амаржаргал өдгөө зургаан настай.
Нийслэлийн I дунд сургуульд сурдаг тэрбээр “Тояа” хүүхэд хөгжлийн академийн дэргэдэх соробан сампингийн сургалтад цэцэрлэгт байхаасаа хичээллэж эхэлжээ. Түүний амжилт гаргахад ихэр Э.Аминжаргал нь хүчтэй нөлөөлсөн аж.
Учир нь тэдний хооронд үргэлж бие биенээ ялах цагаахан өрсөлдөөн өрнөдөг байж. Өнгөрсөн хавар болсон Соробан сампингийн үндэсний аварга шалгаруулах уралдаанд Аминжаргал түрүүлж, Амаржаргал удаалж байжээ.
Тэр үеэс л хүү дүү шигээ аварга болохыг хүсэх болсон гэнэ. Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах уралдаанд Аминжаргал охин ахтайгаа өрсөлдөлгүй, нэг шат ахисан түвшинд оролцож, багийн дүнгээр хүрэл медаль хүртжээ.
Бяцхан тамирчдын ээж З.Энхдэлгэр “Манай хүүхдүүд их дөлгөөн, удаан хөдөлгөөнтэй. Энэ байдлыг нь засах үүднээс анх соробан сампингаар хичээллүүлсэн.
Энэ төрлөөр хичээллэснээр аливааг хурдан ойлгож, хүлээж авдаг болсон. Цаашид шаргуу хичээллүүлнэ. Оюуны спорт учраас байнга сууж бэлтгэл хийдэг.
Тийм болохоор эрүүл мэндэд нь анхаарч, аль болох хөдөлгөөн шаардсан спортоор хичээллүүлэх бодолтой байна” хэмээв. Соробан сампингийн дэлхийн аварга хүүтэй ярилцлаа.
-Уралдаанд явахдаа “Заавал медаль авна” гэж хэлсэн гэсэн. Медаль авна гэдгээ яаж мэдсэн юм бэ?
-Аминжаргалын авсан шиг том цом авахын тулд би маш их бэлтгэл хийсэн болохоор бусад хүүхдийг ялна гэж бодсон. Цомоо аваад их баярласан.
-Цэцэрлэгт байхдаа найман минутад 30 бодлого боддог байсан гэж ээж нь хэллээ. Одоо хэчнээн бодлого бодож байна?
-Энэтхэгт болсон уралдаанд би найман минутад 182 бодлого бодсон. Аминжаргал сампин ашиглахгүй цээжээр боддог. Би ч гэсэн тийм болно.
-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
-Би зураг зурах дуртай. Ээж маань бид хоёрт үлгэр ярьж өгөөд төсөөллөөр нь зуруулдаг.
-Соробан сампингийн юу нь чамд таалагддаг юм бэ?
-Хүүхдүүдтэй өрсөлдөх нь хамгийн гоё. Бас медаль, цом авах дуртай.
-Сампин дээр нэмэхээс өөр үйлдэл хийж чадах уу?
-Нэмж, хасаж чадна. Илүү мундаг болохоороо үржих, хуваах үйлдэл сурна.
Ж.СУВДМАА