Монголын рок поп хөгжмийн урлагт томоос том, тодоос тод орон зай бий болгосон хөвгүүдийн хамтлаг бол “Камертон”. Алдарт “18 нас”-ыг дуулан олны танил болсон “Камертон” өдгөө 20 настай бол хамтлагийн гишүүн, дуучин Б.Эрдэнэбат өнөөдөр 38 нас хүрч байна.
Эба 1977 оны арванхоёрдугаар сарын 15-нд Улаанбаатар хотод төржээ. 1985 онд Хөгжим бүжгийн коллежийн хийл хөгжмийн ангид элсэж, 1997 онд хийлч, төгөлдөр хуурч мэргэжлээр төгссөн.
Тэрбээр өнөөдрийг хүртэл уран бүтээлээ туурвисаар байна. 2007 онд хамтлагийнхаа төрсөн өдөрт зориулж “Дөрөв дэх гудамж” бие даасан цомгоороо бэлэг барьсан Эба 1995 оноос хойш буюу 18 насныхаа төрсөн өдрөөс хойш энэ баярыг тэмдэглээгүй аж.
Б.Эрдэнэбат бэлгэнд шоколад авах дуртай байжээ. Сүүлдээ үнэртэй ус авахыг хүсдэг болсон. Үүнийгээ ч найзууддаа зарласан гэнэ.
Нөхөрлөлөөрөө залуучуудад үлгэр дуурайл болж чаддаг “Камертон” хамтлагийн гурван найз нь төрсөн өдрөө тэмдэглэдэггүй найздаа мэндчилгээ хүргэснийг уламжилъя.
А.ХАЛИУН
Багын найздаа төрсөн өдрийн мэнд хүргэе. Бид зөвхөн нэг хамтлаг, уран бүтээлээр холбогдсон хүмүүс биш, амьдралын найзууд. Бидний нөхөрлөл олон жил үргэлжилнэ гэдэгт итгэдэг. Ажил, амьдрал, уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилт хүсье.
Д.Болд
Эба бид хоёр нэгдүгээр ангиасаа найзалсан. Амьдралд жаргал, зовлон сүлэлдэж байдаг. Амьдралын минь бүхий л үед дэргэд минь байж чаддаг тийм л үнэнч анд.
Чамаас амьдралын эрч хүч, урам зоригийг найз нь мэдэрдэг, бас суралцдаг. Эр хүн ололт, амжилттай явахад ханийн үүрэг их.
Найзынхаа хань, хүүхдүүдэд сайн сайхныг хүсье. Найздаа төрсөн өдрийн мэнд хүргэе. Хайртай шүү.
Л.Ган-Эрдэнийн гэр бүлийнхэн
Найздаа төрсөн өдрийн мэнд хүргэж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье. Миний найз сайн хань, дөрвөн хөөрхөн хүүхдийн сайн аав. Найзынхаа гэр бүлд эрүүл энхийг хүсье. 1995 оноос хойш төрсөн өдрийн баяраа тэмдэглээгүй. Дараа жил найзуудтайгаа тэмдэглээрэй.
Г.Мэнд-Амар