Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өчигдөр “Шүүхийн шинэчлэлийн 10 үр дүн” сэдэвт хэвлэлийн хурал хийлээ. Энэ үеэр тус зөвлөлийн дарга Н.Лүндэндоржоос зарим зүйл тодруулав.
-Шүүхийн шинэчлэлийн үр дүнгээс гурван ажил онцолсон. Үүнийг тодруулахгүй юу?
-Шүүх бүхэлдээ шүүн таслах ажлын төрлөөр дагнан, шүүгч мэргэших нөхцөл бүрэлдсэн. Өөрөөр хэлбэл, шүүх дотор хөдөлмөрийн хуваарь бий болсон гэсэн үг. Шүүгч өглөө нь эрүүгийн хэрэг, үдээс хойш нь иргэний хэрэг шийддэг байсан.
Энэ нь шүүгч хэрэг маргааны тодорхой төрлөөр дагнан мэргэшээгүй байсны шинж төдийгүй шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлдөг гэж үздэг.
Харин одоо Шүүх байгуулах тухай хуулиар шүүхийн анхан шатнаас эхлээд бүх системийг дагнан мэргэшүүлсэн.
Мөн шүүгчдийн цалинг Төрийн тэргүүн, Засгийн газрын гишүүнээс илүү хэмжээнд тогтоолгож чадсан нь энэ оны онцлох гол ажил байлаа. Бага цалинтай шүүгчтэй улс оронд шүүхийн хараат бус байдлыг ярьж л болохоос тогтоож чаддаггүй юм.
Шүүгчдийн цалинг өндөр тогтоосон нь сайн хуульчдыг шүүх рүү татаж, тэдний дунд өрсөлдөөн бий болгосон. Өөр нэг онцлох зүйл нь олон нийтийн шүүхэд итгэх итгэл өссөн явдал.
2007 онд иргэдийн шүүхэд итгэх хувь 28 байсан бол судалгаагаар 81.4 хувь нь шүүхэд итгэж байна гэжээ.
-Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа ирэх тавдугаар сард дуусна. Сонгон шалгаруулалт хэзээ болох вэ?
-Хугацаа дуусахаар сонгон шалгаруулалт зохион байгуулна. Гурван гишүүнийг гурван шатны шүүхээс нэр дэвшүүлэх бол Хууль зүйн сайд болон Монголын хуульчдын холбооноос үлдсэн хоёр гишүүний нэрийг санал болгоно.
-Улиран сонгогдож болох уу?
-Нэг удаа улиран сонгогдож болно гэж хуульд заасан.
Ч.ТУЯА