Нийгэмд “хэн ч биш” хэмээн зөнд нь хаядаг орон гэргүй, өнчин ядуу амьдралд хөлөө алдаж яваа хүмүүсийг амьдрах газар, ажлын байраар хангаж нийгэмшүүлэх үйл ажиллагаа явуулдаг “Зөв амьдрах ухаан” төвийн хүмүүс гудамжинд гарахад хүрээд байна.
“Зөв амьдрах ухаан” төвд 2013 оны гурван сард Нийслэлийн цагдаагийн газраас орон гэргүй жаран хүн нэмж өгсөн ба жилийн санхүүжилт болгон жилд 162 сая төгрөг олгохоор гэрээ байгуулсан боловч 2015 оны гурван сард 40 сая төгрөг шилжүүлснээс өөр санхүүжилт өгөөгүйн улмаас эдгээр жаран хүний байдал хэцүүдсэн тул тус төвийн тэргүүн Г.Загдаа Нийслэлийн халамж үйлчилгээний төв болон Хотын захирагчийн албанд хандаж хүсэлт гаргасан ч, Сангийн яамнаас санхүүжилт хассан тул асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэх хариу өгсөн байна.

Нийтдээ 132 хүн амьдруулдаг “Зөв амьдрах ухаан” төв ачааллаа дийлэхгүй байгаа учир ижил зорилготой жилийн 474 сая төгрөгийн санхүүжилттэй хэрнээ тавин гуравхан хүн хамрагддаг “Амьдрах ухаан” сургалт үйлдвэрлэлийн тусгай төвд хүмүүсээ шилжүүлэх хүсэлт тавьсан байна. Гэвч хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан хариу өгч, шилжүүлэн авахаар бол зөвхөн насанд хүрсэн хүмүүсийг авна гэсэн нь хүүхдүүдийг эцэг эхээс нь салгахад хүргэжээ.
Тиймээс Г.Загдаа Нийслэлийн халамж үйлчилгээний төвөөс амьдралд хөлөө олохгүй яваа жаран хүнийг ажлын байр, хоол хүнсээр хангах 120 сая төгрөгийн санхүүжилтийг удаа дараа хүссэн ч холбогдох хүмүүстэй уулзаж чадалгүй өдийг хүрчээ. Хэрвээ улсаас энэ мөнгийг асуудалгүй олгодог болчихвол “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллага эдгээр хүмүүсээ амьдралд хөлөө олох хүртэл нь тусалж дэмжих боломжтой болох гэнэ.