БНСУ-д амьдарч буй Монгол иргэдээ Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс Нийгмийн даатгалын Сайн дурын даатгалд хамруулж эхэллээ.
Тодруулбал, гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа Монгол иргэд өөрийн орны Нийгмийн даатгалд даатгуулахад гэр бүлийнхээ аль нэг гишүүнээр дамжуулан бүртгүүлэх, шимтгэлээ төлөхдөө гадаадаас шилжүүлэх, эсвэл гэр бүл рүүгээ мөнгөө шилжүүлэн төлүүлэх зэрэг хүндрэлтэй байдаг.
Харин Солонгос улсад ажиллаж, амьдарч буй иргэдийн хувьд өөрийн орны Нийгмийн даатгалын сайн дурын даатгалд даатгуулан шимтгэлээ шууд төлөх боломж бүрджээ. Өөрсдөө даатгуулахаас гадна Монгол улсад амьдарч буй хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэр бүлийн гишүүдээ ч даатгалд хамруулах боломжтой аж.
Сайн дурын даатгалд БНСУ-д хуанлийн 30 хоногоос дээш хугацаагаар оршин сууж буй суралцагсад, түр болон удаан хугацаагаар зорчин очигсод, БНСУ-ын аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн гэрээнээс бусад визээр ажиллагсад хамрагдах юм байна. Сайн дурын даатгуулагч өөрийн мэдүүлсэн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос 12% буюу дараах хувь хэмжээгээр шимтгэл төлнө. Тодруулбал, Тэтгэврийн даатгалд 10%, Тэтгэмжийн даатгалд 1%, Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд 1% байна.
Нийгмийн даатгалд даатгуулснаар өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, ажилгүй болох, өвчлөх, үйлдвэрийн осолд өртөх зэрэг урьдчилан таах боломжгүй эрсдэлийн улмаас орлого олох чадвар буурах, орлогогүй болох үедээ хуульд заасан болзол нөхцөлийг хангасан бол тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрхтэй болно. Тэрчлэн даатгуулагч өөрөө нас барсан тохиолдолд түүний асрамжид байсан хүмүүст хуульд заасан тэтгэвэр тогтоож олгоно.
2007 оны 3 дугаар сараас одоог хүртэл БНСУ-д амьдарч буй Монгол иргэд Монгол улсын зөвхөн Тэтгэврийн даатгалд хамрагдаж байсан бол нийгмийн даатгалын Сайн дурын даатгалд даатгуулсанаар нийгмийн даатгалын дараах төрөлд хамрагдах ажээ. Түүнд тэтгэврийн даатгал, Тэтгэмжийн даатгал, Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал багтах юм байна.
Сайн дурын даатгалд хамрагдсанаар өндөр насны, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны тэтгэвэр, Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж, Жирэмсэний болон амаржсаны тэтгэмж, Оршуулгын тэтгэмж, Хөдөлмөрийн чадварыг нөхөн сэргээхтэй холбогдсон төлбөр, Сувиллын зардал гэх мэт тэтгэвэр, тэтгэмжийг авах боломжтой болох аж.