Өнгөрөгч бямба гаригт Архангай аймгийн Авто тээврийн төв байрныхаа нээлтийг хийсэн. Тус нээлтэд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Зам тээврийн сайд М.Зоригт болон УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Д.Тэрбишдагва, Н.Батбаяр нар оролцсон.
Нээлтийн үеэр тус аймгийн Авто тээврийн төвийн дарга Ж.Гурвантамир "Орон нутгийн иргэд болон өөрсдийн хөрөнгөөр нийт 39 сая төгрөгийн засвар хийж, Авто тээврийн төвийн байр болон гадаах 2000 ам метр авто зогсоолын нээлтээ хийж байна. Манай аймаг баруун аймгуудыг холбосон зангилаа цэг гэдгээрээ ач холбгодолтой. Тиймдээ ч зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж буй байгууллагуудад өндөр хяналт тавьж ажиллаж байна. Мөн шөнийн тээвэр хийж эхэлж буйгаа мэдэгдэхэд таатай байна" хэмээн байгууллагынхаа талаар танилцуулсан.
Салбарынхаа бүтээн байгуулалттай танилцсан сайд М.Зоригт өнөөдөр болсон шуурхай хуралдааны үеэр "Архангай аймгийн Авто тээврийн үндэсний төв шинэ байранд орсон нь сайшаалтай боловч зорчигчдын хүлээлгийн танхим нь хэт жижиг, даргынхаа өрөөнөөс бага байна" хэмээн шүүмжилжээ.
Тэрбээр нээлтийн арга хэмжээний үеэр "Зорчигдын хүлээлгийн танхим нь хаана байна вэ. Суух суудал бий юү" хэмээн асууж байсан юм. Түүгээр барахгүй зорчигчдын ая тухыг хангаж ажиллаагүй Архангай аймгийн Авто тээврийн төвийн дарга Э.Гурвантамирт арга хэмжээ авч, ямар арга хэмжээ авсан тухайгаа тайлагнахыг Авто тээврийн үндэсний төвийн дарга Н.Пунцагт даалгалаа.