Япон судлаач, орчуулагч Д.Төмөрбаатарыг Япон улсын эзэн хааны “Мандах нар” одонгийн “Сарнай цэцэгт алтан туяа” зэрэглэлийн одонгоор өчигдөр шагнав. Монголд Японы соёлыг түгээн дэлгэрүүлэх, таниулах үйлсэд оруулсан түүний хувь нэмрийг ийнхүү үнэлж буй аж. Япон улсаас Монголд суугаа Элчин сайд Т.Шимүзү “Д.Төмөрбаатар социализмын үед сурсан япон хэл болон утга зохиолын мэдлэгээ ашиглан, Монголын радиогоор анх удаа японоор мэндчилж, хоёр улсын хоорондын харилцаа холбоог сайжруулах, хүмүүс биесээ таньж ойлгоход чухал үүрэг гүйцэтгэж байсан. Японы соёл, утга зохиолын олон ном (10 гаруй) орчуулж, Монгол-Японы төв, Монголын го даам, Шёоги шатрын болон Соробангийн холбоог үүсгэн байгуулж, манай үндэсний соёл уламжлалыг дэлгэрүүлэхэд идэвх зүтгэл гаргасан. Мөн үндэсний телевизүүдээрээ сумо бөхийн барилдааныг тайлбарлан, “Төмөрбаатартай хамт Япон орноор” аяллын нэвтрүүлэг (109 дугаар) бэлтгэн хүргэсээр ирсэн нь Япон, Монголын найрамдалт харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гэж үзэж байна” хэмээв.
Д.Төмөрбаатар нь энэхүү одонгоор шагнуулсан 11 дэх монгол хүн аж. Тэрбээр “Социализмын хүнд үеүдэд япон хэл сурсан нь миний амьдралд маш том өөрчлөлт авчирсан. Энэхүү нэр хүндтэй шагналыг хүртсэндээ их баяртай байна. Анх 1996 онд Шиба Рёотарогийн “Сүүлчийн шёогүн” түүхэн романыг орчуулж дуусчихаад хэвлүүлж чаддаггүй. Тухайн үед хэвлэх үйлдвэр гэж байсангүй, хоёр охин, ханьтайгаа хуудас бүрээр нь нааж байсныг бодвол одоо бүх зүйл өөр болжээ. Цаашид хоёр орны соёл, уламжлалыг харилцан түгээсээр байх болно” гэсэн юм.