Далайд гарцгүй бид ачаа тээврийн салбараас эдийн засгийнхаа багагүй хувийг бүрдүүлж ирэв. Гэтэл уул уурхайн бүтээгдэхүүний экспорт эрс буурсантай холбоотойгоор манай тээврийн салбар хүнд байдалд ороод буйг өнөөдөр болсон “Бизнес зөвлөгөөн-2015” форумын үеэр ЗТЯ, “Улаанбаатар төмөр зам” (УБТЗ) хувь нийлүүлсэн нийгэмлэгийн удирдлагууд мэдэгдлээ. Тэд одоогийн үүсээд байгаа нөхцөл байдал, цаашид ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаараа зөвлөлдсөн юм. Манай улсын нийт ачааны 67 хувийг төмөр замаар тээвэрлэдэг. 2014 онд УБТЗ нийгэмлэгийнхэн 21 сая тонн ачаа тээвэрлэсэн бол жилийн эцсийн тайлангийн урьдчилсан дүнгээс үзвэл 2015 онд 19 сая тонн ачаа зөөх тооцоо гараад байна. Ингэснээр өнөө жил ачаа тээврийн эргэлт хоёр сая тонноор тасрахад хүрчээ.
УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Хөдөлгөөн зохион байгуулалтын албаны дарга П.Батхуяг “Энэ онд БНХАУ төмөр замаар нүүрс маш бага хэмжээтэй авсан. Дотоодын цахилгаан станцуудад нийлүүлж буй нүүрсний хэмжээ нэмэгдэж буй ч Засгийн газраас тээвэрлэлтийн үнийг тогтоон барьсан тул бид алдагдалтай ажиллахад хүрсэн. Өөрөөр хэлбэл, үндэсний хэмжээнд төмөр замаар тээвэрлэдэг нүүрсний хэмжээ нэмэгдэх тусам зарлага их гарч байна гэсэн үг. Нүүрсний тээврийн орлого нь зарлагынхаа 56 хувийг нөхдөг байсныг зах зээлийн шаардлагаар 80 хувьд шилжүүлсэн. Гэсэн ч УБТЗ зөвхөн нүүрсний тээвэрлэлтээс 20 хувийн алдагдал хүлээж байна. Манай томоохон хэрэглэгч болох “Болд төмөр Ерөө гол” ХХК-ийн төмрийн хүдрийн экспорт хумигдсан. 2011 онд дэлхийн зах зээлд нэг тонн төмрийн хүдрийн баяжмал 137 ам.долларын үнэтэй байсан бол энэ онд 36 доллар болж, огцом хямдарлаа. Харин манайх нэг тонныг нь 18 ам.доллараар тээвэрлэж буй нь дотоодын компаниудаа бусад оронтой өрсөлдөх боломж олгохгүй байгаа гэсэн үг. Засгийн газар эрчим хүч, нүүрсний тээврийн үнийг чөлөөлж өгөхгүй байгаа учраас төмрийн хүдрийн тээврээс олсон орлогоороо бусад алдагдлаа нөхөхөөс өөр аргагагүй” гэж ярив. Төмөр замынхан зорчигчийн тасалбарын үнийг нэмэхгүй байх шийдвэр гаргасан ч жилд 25 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсээр буй гэнэ. Ингэлээ гээд 16000 ажилтан, алба хаагчаасаа нэг ч хүнийг халж, солиогүй. Цаашид тэвчиж болох бүхий л зардлаа дотооддоо танаж буйгаа дээрх зөвлөгөөний үеэр онцлов.