“Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”-ыг нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид өчигдөр хэлэлцэн баталлаа.
Тусгай зөвшөөрөл олгох шат дамжлагыг багасган, бүрдүүлэх бичиг баримтын тоог цөөлж, өмнө нь 6-8 төрлийн бичиг баримт цуглуулдаг байсныг дөрөв болгожээ. Ингээд хүсэлтээ нийслэлийн ЗДТГ-ын Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд гаргах юм байна.
Тусгай зөвшөөрөл хүсэгч нь шинээр үйл ажиллагаа эхлэхээс өмнө нэг цэгийн үйлчилгээний хүнс, худалдаа, үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээс зөвлөгөө авч, үйлчилгээний газраа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан тохижуулж, хотын албан татвар суутгагчаар бүртгүүлсэн байх ёстой боллоо.
Дүүргийнхээ татварын албанд татвар суутгагчаар бүртгүүлээгүй, үйлчлүүлэгчээс суутгаж авсан татвараа төлөхгүй бол тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх эсвэл хүчингүй болгох нь.
Орон сууцанд байрладаг баар, ресторанууд тухайн барилгын үндсэн хийц, бүтээцийг өөрчлөх, давхарлах, өргөтгөх, 40 децбиллээс их дуу чимээ гаргахыг хоригложээ.
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд УИХ энэ оны зургадугаар сард нэмэлт өөрчлөлт оруулсан.
Тиймээс нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үүрэг хариуцлагыг тодорхой болгох, хяналт тавих эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор уг журмыг шинэчилсэн юм байна. Шинэчилсэн журмыг 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөх юм.
Х.ЭРХЭМ