Оюутолгойн далд уурхайн 4.4 тэрбум ам.долларын санхүүжилтийн гэрээг олон улсын банк санхүүгийн байгууллагуудтай байгуулжээ.
Энэ талаар “Rio Tinto”-гийн Зэс, нүүрсний группийн захирал Жан Себастьян Жак “Оюутолгой төслийн хөгжилд чухал алхам боллоо” хэмээн тодотгосон байна. Нийт 20 орчим зээлдэгчийн 15 нь арилжааны банк бөгөөд Олон улсын санхүүгийн корпорац, АНУ-ын Экспорт, импортын банк, Европын сэргээн босголт хөгжлийн банк, “BNP Paribas”, ANZ, ING, “Sumitomo Mitsui”, “Standard Chartered”, HSBC зэрэг нь багтаж буй аж.
Зээлийн хүү Лондоны банк хоорондын захын суурь хүү буюу LIBOR +6 байхыг “Turquoise Hill Resources” мэдээлсэн байна.
Энэхүү санхүүжилтийн гэрээтэй холбоотойгоор гаргасан “Эрдэнэс Монгол” компанийн мэдэгдэлд “Далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг ирэх оны эхний хагаст эхлүүлэх төлөвтэй.
Бүтээн байгуулалт 5-7 жил үргэлжлэн, 2021 оноос олборлолт эхлүүлэх төлөвлөгөөтэй” хэмээн тэмдэглэжээ. Тэгвэл Оюутолгойн нөөцийн 80 хувийг агуулж буй далд уурхайн бүтээн байгуулалтын хүрээнд газар дор 200 км гаруй урт хонгил барихыг “Reuters” дурдсан байв.
Эдийн засагч Ч.Эрдэнэдалай “Монгол Улсын ДНБ-ий 35 гаруй хувьтай тэнцэх “Оюутолгой” төслийн санхүүжилт гурван жил гацсаны эцэст гэрээ байгууллаа. Зах зээлийн үнэлгээ нь 99.5 тэрбум ам.долларт хүрч байгаа “Rio Tinto” бол уул уурхайн гигантуудаас хамгийн хүчтэй нь.
Монгол Улсад долоон жилийн турш тогтвортой хөрөнгө оруулалт орж ирэх болж буй нь ихээхэн ач холбогдолтой” хэмээн ярилаа.
Далд уурхайн бүтээн байгуулалтад шаардлагатай зөвшөөрлүүдийг авах, төслийн ТЭЗҮ- ийг Монгол Улсын Засгийн газар хүлээж авах явц үргэлжилж буй аж.
Далд уурхайг ашиглалтад оруулснаар “Оюутолгой” компанийн үйлдвэрлэлийн өртөг өрсөлдөхүйц түвшинд хүрч, зэсийн баяжмалын томоохон үйлдвэрлэгчийн нэг болох учиртай.
Ц.БОЛОРМАА