Ирэх онд манай улсад болох АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын зочид, төлөөлөгчдийн буудаллах 44 зочид буудалд тогооч, хаалгач, авто зогсоолын ажилтан, угтагч, өрөөний үйлчлэгч, зөөгч, хөтөч, тайлбарлагч зэрэг 11 чиглэлээр ажиллах хүсэлтэй, ажилгүй иргэдийг өчигдрөөс бүртгэж эхэллээ.
Бүртгэл ирэх даваа гариг буюу энэ сарын 21 хүртэл Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төвд үргэлжлэх бөгөөд насны хязгаар заагаагүй байна.
АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад мэргэшсэн үйлчилгээний 3200 орчим ажилтан шаардлагатай байгаа тул одоо ажиллаж буй 1800 хүнийг чадавхжуулж, бүртгэлд тэнцсэн 800 гаруй иргэнийг мэргэшүүлэх сургалтад хамруулан авах юм.
Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан “Засгийн газрын 2012-2016 оны хөтөлбөрт 150 мянган ажлын байр бий болгох зорилт дэвшүүлсэн.
Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд манай яам, түүний харьяа байгууллагууд шат дараалсан арга хэмжээ зохион байгуулж, хэрэгжүүлж байна.
АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт зохион байгуулах нь гадаад улс орнуудад эх орноо сурталчлан таниулж, олон улсын тавцанд байр сууриа бэхжүүлэх өндөр ач холбогдолтой.
Энэхүү чуулга уулзалт болон дагалдах арга хэмжээ, семинарт хүрэлцэн ирэх төлөөлөгчдийн тав тухтай байдлыг хангах, тэдэнд үйлчлэх мэргэшсэн ажилтан шаардлагатай байгаа нь байнгын болон түр ажлын байр бий болгох боломж бүрдүүллээ” гэв.
Бүртгүүлсэн хүмүүсийг ярилцлаганд оруулж, сонгох бөгөөд шалгарсан иргэд ирэх оны гуравдугаар сар хүртэл сургалтад хамрагдаж, гэрчилгээтэй болох аж. Хөдөлмөр эрхлэлтийн сангаас уг сургалтын зардлыг гаргахаар болжээ.
“Би гадаад хэлний орчуулагч мэргэжилтэй ч ажил олдохгүй байгаа. Ийм үйл ажиллагаа зохион байгуулж, ажилгүй иргэдээ татан оролцуулж байгаад баяртай байна” гэж Баянзүрх дүүргийн иргэн Б.Энхжаргал хэллээ.
Э.НАМУУН