Өвлийн өвөлд нүдэнд дасал болсон өнөөх зүйл үгүйлэгдээд болдоггүй. Юу байхгүй болчихоо вэ? Энд нэг л юм биш. Яг тэр газрын хажуугаар өглөө бүр яаран өнгөрөх бүрт яах аргагүй нэг зүйл үгүйлэгдээд болдоггүй.
Тэгтэл охин маань “Талх чихэр” яагаад мөсөн хотхон байгуулахгүй байна аа” гэхэд л өөрийгөө чухам юуг тэгтлээ үгүйлж хайгаад байснаа ойлгов. “Москва” хорооллын баруун урд, “Магнай трейд”-ийн ШТС-ын яг урд өдийд мөсөн хотхон сүндэрлэчихсэн, хүүхдийн дуу цангинаж байдаг сан.
Жил бүр өөр өөр агуулга, загвараар урладаг тэр мөсөн хотхон дахь өвлийн өвгөнийг нэгдүгээр сарын эхнээс мөнгөн аягатай хадаг барьсан өвөөгөөр солиод Цагаан сарын агуулгатай болгочихдог сон.
Улаанбаатар хотын томоохон үйлчилгээний газар, компаниудын өмнө өвөлжин нүд хужирладаг мөсөн хотхон алга. Эдийн засгийн хямрал гээч мангас залгичихаж.
Аймгуудын төв ч ялгаагүй нийслэлийнхнээс дутахааргүй мөсөн хотхон байгуулдаг байв. Тэд яагаа бол.
Өнгөрөгч намар 75 жилийн ойгоо тэмдэглэсэн Баян-Өлгий аймаг энэ Шинэ жилийн баяраар аймгийнхаа төв талбайд сүлд мод засан, таван сая төгрөгөөр мөсөн хотхон байгуулж эхэллээ.
Үүний өмнөх жилүүдэд 12 жилийн дүрсийг мөсөөр урлан, томхон мөсөн хотхон байгуулж байсан тус аймаг энэ удаад баярын төсөв мөнгөө багасгахаар шийджээ.
Тэгвэл Цогт хунтайжийн талбайд өвлийн өвгөн, хуучин, шинэ он, 12 жил, морин хуур, мөсөн гулгуурын талбайтай хотхон урладаг Булган аймгийнхан энэ жил мөсөн хотхонгүйгээр шинэ оноо угтана.
Гэхдээ албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийг гаднаа гацуур засан, орчныхоо гэрэлтүүлэг чимэглэлийг сайжруулахыг даалгажээ.
Энэ сарын 31-ний 22.00 цагаас эхлэх баярын арга хэмжээнийхээ үеэр иргэдэд халуун аарц, чацаргана, ил гал дээр шарсан шорлог худалдахаар зэхсэн байна.
Х.БОЛОР