Нийслэлийн ИТХ-ын ээлжит 33 дугаар хуралдаан өнөөдөр болж, Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх, түр саатуулах байр ажиллуулах, үйл ажиллагааны төлбөрийн хэмжээг тогтоох зэрэг асуудлыг хэлэлцэн баталлаа. Нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түгжрэлийг бууруулах зорилгоор 08.00-20.00 цагийн хооронд хориглосон газарт зогсож бусдын хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлж байхаар шийдвэрлэв. Улаанбаатарт нийт 163 гудамж байдгаас 77-г нь энэхүү тогтоолд оруулжээ. Мөн зориулалтын автомашинаар тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлэх төлбөрийг мотоцикл 30.000, суудлын автомашин, микробус, 3.5 тонн хүртэлх жинтэй ачааны автомашин, автобус 60.000, 3.5 тонноос дээш жинтэй том оврын тээврийн хэрэгслийг 90.000 төгрөгөөр зөөж шилжүүлдэг байхаар боллоо. Түүнчлэн түр саатуулах хашааны нэг хоногийн төлбөрийг мотоцикл 3000, суудлын автомашин болон 3.5 тонн хүртэлх жинтэй бүх ачааны машин 5000, 3.5 тонноос 24 тонн хүртэлх жинтэй ачааны автомашин болон дунд оврын автобус 10.000, тусгай зориулалтын том оврын тээврийн хэрэгсэл, хүнд механизми 20.000 төгрөг байхаар тогтоосон аж. Гэхдээ тухайн тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар ачихдаа тухайн байршлаас 10 км-аас дотор бол, мөн зөөж шилжүүлсний дараа 24 цагийн дотор буцаан авбал түр саатуулах хашааны төлбөрөөс чөлөөлөх юм байна. Журам 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих юм.