Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар зарим Байнгын хорооны даргыг сонгох тухай хэлэлцлээ.
Тухайлбал, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Су.Батболд танилцууллаа. Тус байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийг сонгохыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.
Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Баярцогт танилцуулсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус байнгын хорооны даргаар А.Бакейг улируулан сонгох саналыг дэмжжээ.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл танилцуулсан. Тус байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Д.Батцогтыг улируулан сонгохыг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн байна.
Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ танилцуулав. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх УИХ-ын гишүүн Ц.Баярсайханыг тус байнгын хорооны даргаар сонгохыг дэмжсэн болохыг тэрбээр гишүүдэд уншиж танилцуулсан юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Д.Дэмбэрэл, Д.Тэрбишдагва, О.Баасанхүү нар үг хэлж байр сууриа илэрхийлсний дараа нэр дэвшигчдийг байнгын хорооны даргаар сонгох асуудлаар санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг сонгогдлоо. Мөн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар Д.Батцогт, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар А.Бакей нарыг улируулан сонгож, Эдийн засгийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Баярсайханыг сонгосон юм.