Нийслэлийн ИТХ-ын ээлжит 33 дугаар хуралдаан өчигдөр болж, Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх, түр саатуулах байр ажиллуулах, үйл ажиллагааны төлбөрийн хэмжээг тогтоох зэрэг асуудлыг хэлэлцэн баталлаа.
Нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түгжрэл багасгах зорилгоор 08.00-20.00 цагийн хооронд хориглосон газарт зогсож, бусдын хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг зөөн шилжүүлж байхаар шийдвэрлэв.
Улаанбаатарт нийт 163 гудамж байдгаас 77-г нь энэхүү тогтоолоор хориглосон газарт оруулжээ. Мөн зориулалтын автомашинаар мотоциклийг 30.000, суудлын автомашин, микроавтобус, 3.5 тонн хүртэлх жинтэй ачааны автомашин, автобусыг 60.000, 3.5 тонноос дээш жинтэй том оврын тээврийн хэрэгслийг 90.000 төгрөгөөр зөөж шилжүүлдэг байхаар боллоо.
Түүнчлэн түр саатуулах хашааны нэг хоногийн төлбөрт мотоциклиос 3000, суудлын автомашин болон 3.5 тонн хүртэлх жинтэй бүх ачааны машинаас 5000, 3.5 тонноос 24 тонн хүртэлх жинтэй ачааны автомашин болон дунд оврын автобуснаас 10.000, тусгай зориулалтын том оврын тээврийн хэрэгсэл, хүнд механизмаас 20.000 төгрөг авахаар тогтоов.
Гэхдээ тухайн тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар ачихдаа тухайн байршлаас 10 км-ээс дотор бол, мөн зөөж шилжүүлсний дараа 24 цагийн дотор буцаан авбал түр саатуулах хашааны төлбөрөөс чөлөөлөх юм байна. Журам 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих юм.
Л.АРГАМЖИН