Хавдартай тэмцэх олон улсын өдрийг тохиолдуулан Монгол, Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэг, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлтэй хамтран ажиллахаар боллоо. Тодруулбал хавдрын өвчтэй иргэдийг төмөр замын дагуу орших Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Говьсүмбэр, Дорноговь зэрэг таван аймагт хэрэгжих хөтөлбөрийн хүрээнд хавдар өвчинтэй иргэд галт тэргээр үнэ төлбөргүй зорчих юм.
Дэлхий даяар жил бүрийн хоёрдугаар сарын 4-ний өдрийг "Олон улсын хавдартай тэмцэх өдөр" болгон зарлаж, энэ төрлийн өвчнөөр зовж шаналж буй иргэдийн төлөө сайн санааны үйлс хэрэгжүүлдэг билээ. Манай улсад жил бүр таван мянга гаруй хүн хорт хавдраар өвчилж, гурван мянга орчим нь нас бардаг гэх судалгаа бий. Харин дэлхийд жил бүр 8.2 сая хүн хавдар өвчнөөр хорвоог орхиж тэдгээрийн 4 сая нь цагаасаа эрт /30-69 насандаа/ нас барж байна.
Хавдар өвчнийг эрт оношилж чадвал амь насыг аврах бололцоотой байдаг. Гэвч хорт хавдраар өвчилж буй хүмүүсийн 70 хувь хожуу үедээ эмнэлэгт хандаж буйн гол шалтгаан нь санхүүгийн хүндрэлээс болдог гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Эдгээр иргэдийн дийлэнхи нь элэг, ходоодны хорт хавдраар өвчилсөн байдаг ба сүүлийн жилүүдэд уушги, умайн хүзүүний болон хөхний хорт хавдар зонхилох болжээ.