Улсын Их Хурлын чуулганы энэ сарын 4-ны үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Ард нийтийн санал асуулгын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийжээ.
Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Р.Гончигдорж танилцууллаа. Тэрбээр, хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хороо 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүдээс хуулийн төслийн санал асуулгын журам, зохион байгуулалт, хугацаатай холбоотой зарим заалтыг Сонгуулийн тухай хуультай уялдуулах, цахим хэлбэрээр санал асуулгыг явуулах болон сонгогч илээр саналаа өгөхтэй холбогдсон зохицуулалтыг төслөөс хасах, түүнчлэн хууль зүйн техникийн шинжтэй өөрчлөлт хийх талаар бусад зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн хэмээн танилцуулгад дурдсан. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асуусны дараа зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналын томьёоллуудаар санал хураалт явууллаа.
Төслийн 4.4 дэх хэсгийн “санал асуулга явуулах асуулгын тоо” гэснийг “санал асуулгыг нэг удаад 3-аас дээшгүй асуудлаар явуулах бөгөөд санал асуулга явуулах асуултын тоог УИХ хэлэлцэн шийдвэрлэнэ” гэж өөрчлөх, төслийн 3.7 дахь хэсгийг “Сонгогч саналаа нууцаар гаргана” гэж өөрчлөх, 7.1 дэх хэсгийг “Санал асуулга явуулах тухай шийдвэрт санал асуулга явуулах өдрийг уг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 21-ээс 45 хоногийн дотор явуулахаар УИХ товлон зарлана” гэж өөрчлөх, төсөлд “Санал асуулгыг УИХ-ын сонгууль, Ерөнхийлөгчийн болон ИТХ-ын сонгуультай хамтатган явуулах бол Сонгуулийн тухай хуульд заасны дагуу санал асуулгын санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө товлон зарлана” гэсэн 7.7 дахь хэсэг нэмэх зэрэг саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.
Ийнхүү санал хураалт явуулж дуусан хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.