Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт уржигдар цээжний дурангаар симпатик мэдрэл таслах мэс засал амжилттай хийжээ.
Тус эмнэлгийн Ерөнхий болон Зүрх, судасны мэс заслын тасаг, Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасгийн эмч, сувилагч нар цээжний хөндийг нээж хийдэг энэхүү хагалгааг эх орондоо анх удаа дурангаар хийсэн аж.
Хүний алга, суганы хөлсний булчирхай болон гар сарвууны цусны судсыг мэдрэлтэй байлгадаг симпатик мэдрэл хямарснаас болоод алга, суга их хөлөрч, гар хуруу бүлээцэхгүй, үзүүр нь хөхөрдөг юм байна.
Ийн гар сарвууных нь судас нарийсан, цусан хангамжийн дутагдалтай болсон өвчтөнүүдийг эмчлэхдээ мэс заслын аргаар тэрхүү симпатик мэдрэлийн судлыг тасалдаг аж.
Ингэхдээ урьд нь манайхан хавирган завсраар цээжний хөндийг 10-14 см зүсэж нээдэг байсан бол одоо таван мм-ийн хэмжээтэй хоёр жижиг зүслэг хийн, дурангийн багажны тусламжтайгаар судлыг тасалдаг болжээ.
Энэ нь ямар давуу талтайг мэс засал хийсэн эмчээс нь тодруулахад “Цээжний хөндийг нээж, ажилбар хийсэн мэс заслын дараа өвчтөн дор хаяж 5-6 хоног эмнэлэгт хэвтэх шаардлагатай байдаг.
Харин энэхүү аргыг эмнэл зүйд нэвтрүүлснээр өвчтөн нэг хоноод л эмнэлгээс гарах боломжтой. Бидний мэс засал хийсэн өвчтөн өнөөдөр (өчигдөр) эмнэлгээс гарсан. Өөрөөр хэлбэл, тухайн өвчтөнд өвдөлт, зовиур, хагалгааны дараах хүндрэл багатай гэсэн үг.
Мөн цаг хугацаа, ор хоногийн мөнгө хэмнэхээс эхлээд эдийн засаг талаасаа ч өвчтөнд ашигтай” хэмээсэн. Удахгүй тэд хоёр дахь хагалгаагаа хийхээр төлөвлөжээ.
Л.ЧИМЭГ