Дэлхий дээр 9000 гаруй мэргэжил байдаг бөгөөд тэдгээрийг агуулгаар нь тав ангилдаг аж. Таны сонирхож буй, эсвэл сонгосон мэргэжилд шаардагдах шинж чанарууд өөрийн тань зан чанар, хүсэл сонирхол, авьяас, ур чадвартай тохирч байгаа эсэхийг шалгасны үндсэн дээр сонголт хийвэл хамгийн зөв байдаг гэдэг.
Тэгвэл хүүхэд, залуучуудыг өөрийгөө таньж, юу хийж, бүтээж чадахаа мэдсэний үндсэн дээр мэргэжлээ зөв сонгоход нь туслах, ажил хайж буй иргэдэд зориулсан Ажил, мэргэжлийн мэдээллийн төв өчигдөр үүдээ нээлээ.
“Би барилгын инженер мэргэжилтэй. Надад тохирох сул ажлын байр гарвал дуулгаарай” гэж бүртгүүлчихээд ажил хайж байгаа нь ч, зуучлагч нь ч “мартчихдаг” тогтолцоо манай хөдөлмөрийн зах зээлд бий гэхэд хилсдэхгүй. Харин энэ төвийн үйл ажиллагааны зарчим Хөдөлмөрийн биржээс арай өөр юм билээ.
Ажил, мэргэжлийн мэдээллийн төвд ирж, сургалтад суун, мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч, хөдөлмөрийн зах зээлийн талаарх үнэн бодит мэдээллээр хангагдсан хүн зөв шийдвэр гаргах нь ойлгомжтой. Учир нь хүн ажил, мэргэжлээ сонгохын өмнө эхлээд өөрийгөө таних хэрэгтэй шүү дээ.
Тухайлбал, та тус төвийн өөртөө үйлчлэх хэсэгт очсоноор ерөнхий мэдлэг, ур чадвараа оношлох сорилыг цахимаар өгч, ямар ажилд илүү тохирохоо мэдэж авах боломжтой. Хэдийгээр та барилгын инженерийн дипломтой ч үнэндээ худалдааны менежер хийвэл илүү их амжилт гаргах чадвартай байж ч мэдэх юм.
Ганцаарчилсан болон бүлгийн зөвлөгөө өгөх өрөөнөөс гадна, номын сангаар үйлчлүүлж, өөрт хэрэгцээтэй мэдээллийг үнэгүй хэвлэн авч, хувилан олшруулах бүрэн бололцоотой аж.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид энд ангиараа ирээд зөвлөгөө, мэдээлэл авсан ч болох юм билээ. Өчигдөр л гэхэд XII ангийн дөрвөн хөвгүүн сургууль төгсөгчдөд ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад сууж байсан юм.
Хан-Уул дүүрэгт байрлах Хөдөлмөрийн ордонд үйл ажиллагаагаа эхлүүлж буй Ажил, мэргэжлийн мэдээллийн төвийг Герман, Швейцарь, Австрали улсын Засгийн газрын санхүүжилтээр байгуулжээ.
Шинэ төвийн нээлтийн тууз хайчлах ёслолд Хөдөлмөрийн яам, түүний харьяа байгууллагуудаас гадна Щвейцарийн хөгжлийн агентлаг, ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн төлөөлөгчид байлцав.
Цаашид ажил, мэргэжлийн мэдээллийн жишиг төв болгосноор энэ төрлийн үйлчилгээг цахим хэлбэрээр иргэдэд хүргэхийн зэрэгцээ хөдөлмөрийн зах зээлийн нэгдсэн мэдээллийн сантай болж, сүлжээгээ улс орон даяар холбох боломж бүрдэхийг Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийн захирал С.Чойноров хэлсэн.
Дэлхийн олон оронд, тэр дундаа Герман, Солонгост ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох мэдээллийн ийм төвүүд үлгэр жишээчээр ажилладаг бөгөөд хүн рүүгээ чиглэсэн энэ мэт ажлуудыг эх орондоо эхлүүлэх цаг болсныг ч тэрбээр онцлов.
Л.ГАНЧИМЭГ