“Сумын төвийн албан газрууд инженерийн шугам сүлжээнд бүрэн холбогдсон. Ажил албаа явуулахад тохь тухтай сайхан байна. Ахлах сургуулийн дотуур байрны хүүхдүүд халуун усанд орох боломж бүрдсэн гэх мэтээр “Сумын төвийн шинэчлэл” төсөл соёлын дэвшил авчирлаа” гэж Увс аймгийн Тэс сумын Засаг дарга З.Түмэндалай ярилаа.
Энэ төслийн үр шимийг түрүүлж хүртсэн, гарын таван хуруунд багтах цөөн сумын нэг нь тэднийх. “Сумын төвийн шинэчлэл” төслийг тэнд хэрэгжүүлэх сонгон шалгаруулалтад ялсан “Сантек Увс” компани 2014 оны есдүгээр сард ажлаа эхлээд, өнгөрсөн оны сүүлчээр дуусгажээ.
Шинэчлэх төслийн хүрээнд сумын төвд уурын зуух, хоногт 100 шоо метр бохир цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барьж, захиргаа, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, соёлын төв гэсэн таван байгууллагыг цэвэр, бохир усны хоолойгоор холбож буй.
Үүнээс гадна сумын төвийн гол гудамжинд хатуу хучилттай авто болон явган хүний зам, гэрэлтүүлэг тавих учиртай.
Тэсийнхэн энэ ажилд зориулж хуваарилсан хөрөнгөөрөө сумын ерөнхий төлөвлөгөө боловсруулж, захиргааны шинэ байр барьжээ. Ингэснээр хатуу хучилттай авто зам тавих хөрөнгөгүй болсон байна.
Засгийн газраас 2014 онд Архангайн Тариат, Баян-Өлгийн Цэнгэл, Булганы Хутаг-Өндөр, Говь-Алтайн Дэлгэр, Дорнодын Баян-Уул, Дундговийн Өлзийт, Завханы Тосонцэнгэл, Өвөрхангайн Богд, Өмнөговийн Цогт-Овоо, Сүхбаатарын Эрдэнэцагаан, Сэлэнгийн Цагааннуур, Төв аймгийн Лүн, Увсын Тэс, Ховдын Зэрэг, Хэнтийн Биндэр, Хөвсгөлийн Цэцэрлэг сумыг шинэчлэх тогтоол баталсан.
Тухайн үед “Сумын төвийн шинэчлэл” төсөлд зарцуулахаар нийт 80 тэрбум төгрөг төсөвлөж байжээ. Өөрөөр хэлбэл, нэг суманд тав орчим тэрбум төгрөг хуваарилсан гэсэн үг.
Шинэчлэлийн энэхүү төсөл өнгөрсөн онд хэрэгжиж дуусах байв. Гэтэл 2017 оноос наашгүй болсныг Барилга, хот байгуулалтын яамны Барилга, нийтийн аж ахуйн бодлогын газрын дарга Л.Чинзориг дуулгалаа. Зарим сумыг шинэчлэхэд зарцуулах хөрөнгийг ирэх оны төсөвт тусгахаар болжээ.
Хойшлуулах болсон шалтгаан нь бүтээн байгуулалт хийхээр шалгарсан компанийнхны хойрго зантай холбоотой юм санж. Тендерт шалгарсан компаниуд 2014 онд төсвөөс тус бүр дөрөв орчим тэрбум төгрөг авсан ч олонх нь ажлаа хийлгүй хойш суужээ.
Архангай аймгийн Тариат сумаас “Сумын төвийн шинэчлэл” төслийг эхлүүлж, нээлтэд нь Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан тэргүүтэй төлөөлөгчид оролцон үг хэлж байв. Хамгийн түрүүнд ажлаа эхлүүлсэн Тариат сум нь хожуу барианд орох нь ойлгомжтой болжээ.
Одоогоор тус сумыг шинэчлэх бүтээн байгуулалт 60 орчим хувьтай байгаа гэнэ. Тендерт “Цогт-Өнжүүл”, “Гурван тамир”, “Их голомтын илч” хэмээх гурван компани “Архангайн бүтээн байгуулалт” нэгдэл байгуулан оролцож ялсан байна.
Ажил эхлэх үед “Гурван тамир” нь оролцох боломжгүйгээ мэдэгджээ. Ингээд аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч Б.Булганчимэгийн гэр бүлийн “Цогт-Өнжүүл” компанитай гэрээ байгуулан ажиллахаар болсон гэнэ.
Тэднийх ажлынхаа 30 хувийг ч гүйцэтгээгүй байж 70 хувийг нь хийсэн гэсэн бичиг баримт бүрдүүлэн, 2014 онд дөрвөн тэрбум төгрөг төсвөөс гаргуулжээ. Мөнгөө урьдчилаад авчихсан хэдий ч өнгөрсөн жил олигтой ажиллаагүй гэнэ.
Тариат сумын удирдлагууд “Манай сум унтарсан галт уултай, чулуурхаг хөрстэй. Гүйцэтгэгч компанийн хүчин чадал муутай тоног төхөөрөмж нь шугам тавих газрыг ухаж хүчрэхгүй байгаа. Ингээд нөхцөл хүнд гэсэн шалтгаанаар тэднийх хийх ажлаа тануулсаар байна. Энэ компани мэргэжлийн ажиллах хүч муутай.
Зураг төслөө унших инженер байгаа ч юм уу, үгүй ч юм уу. Иймээс маш чанаргүй бүтээн байгуулалт болж байна. Аймгийн ЗДТГ шалгаруулсан болохоор бидний шаардлагыг тоохгүй юм.
Цаашид энэ төслийг хэрэгжүүлэхдээ тухайн сумын нөхцөлд тохируулж, төсөв хөрөнгө гаргах, туршлагатай компаниар чанартай гүйцэтгүүлэх шаардлагатайг анхаарах хэрэгтэй” гэж ярив.
Тэсээс гадна Өвөрхангайн Богд сумын төвийг шинэчлээд дуусчээ. Бусад нь Тариат шиг ажлынх нь гүйцэтгэл 60-70 хувьтай үргэлжилж буй юм байна.
БХБЯ-ны Барилга, нийтийн аж ахуйн бодлогын газрын дарга Л.Чинзориг “Хэнтий аймгийн Биндэр, Сүхбаатарын Эрдэнэцагаан, Дорнодын Баян-Уул сумын төвийг шинэчлэх ажил бусдаас хоцорч, бэрхшээл, маргаан дагуулж байгаа” гэсэн юм.
Тэрбээр “Тодорхой компанийн нэр усыг дурдах учраас болохгүй” хэмээн зүүн гурван аймагт “Сумын төвийн шинэчлэл” төсөл яагаад удааширсныг тайлбарлахаас татгалзсан.
Орон нутгийн удирдлагуудтай холбогдоход ажил гацаасан эзэн нь “Атмор” компани болж таарлаа. Зүүн гурван аймгийн сумын төвийн шинэчлэлийн тендерт “Атмор” ялсан аж. Дорнод аймгийн Баян-Уул сумын Засаг дарга Ж.Дорж мэдээлэл өгөхөөс татгалзсан.
Харин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг дарга С.Амартайван “Энэ жил ажлаа нэлээд ахиулсан. Багцаагаар ажлынхаа 60-70 хувийг л гүйцэтгэсэн болов уу. Санхүүжилтгүй болоод ажлаа зогсоосон” гэв. Уг төслийн төсвийг шийдэх эрхийг аймгийн Засаг дарга нарт Засгийн газраас олгоод буй.
Тус аймгийн Засаг дарга Ж.Батсуурь “Улсын төсвөөс 3.2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон. Дахиж мөнгө өгөхгүй байгаа” гэж тайлбарлалаа. Харин хэнтийнхэн ууртай байна.
“Атмор” компани Хэнтий аймгийн Биндэр суманд техникийн зураг, төсөв зохиолгүй ажлаа эхлүүлжээ. Аймгийн мэргэжлийн хяналтын байгууллагаас техникийн зураг, төсвөө гаргаад түүнийхээ дагуу ажилла гэсэн үүрэг даалгавар өгснөөр “Атмор”-ынхон багаж, тоног төхөөрөмжөө хумьжээ.
2015 онд зураг, төсвөө гаргаад Хэнтий аймгийн удирдлагуудад танилцуулахаар тохирсон ч “Атмор”-ынхон тэдний босгоор нь алхаагүй гэнэ. Хэнтий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Д.Баярхүү “Газрыг нь ухаад нэг сумын төвийг балгас шиг болгож хаячихаад байж байна.
Техникийн зураг, төсвөө гаргаж байж түүнийхээ дагуу инженерийн шугам сүлжээ, замаа тавих ёстой. Манайх гүйцэтгэлд нь хяналт тавих үүрэгтэй газар. Зураг, төсөвгүй учраас бид яаж хянах вэ” гэж ярилаа.
“Атмор” компани дээрх гурваас гадна Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумыг шинэчлэх тендерт шалгарчээ. Тус сумыг шинэчлэх бүтээн байгуулалтыг энэ онд гүйцэтгэж дуусгахаар төсөвт хөрөнгө хуваарилсан гэнэ.
Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Ч.Ганзориг “Тэднийх уг нь туршлагатай компани. Олон тендерт шалгарчихаад хүн хүч хүрэлцэхгүй, ажлаа тарамдуулаад байгаа юм шиг байна” гэж өмөөрөв.
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын төвийг 15, Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагааныг тус бүр 10 тэрбум төгрөг зарцуулж байж шинэчилсэн. Дундговь аймгийн Гурвансайхан сумын төвийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр шинэчлээд байгаа.
“Шинэ сум” хөтөлбөрийн хүрээнд Баянхонгор аймгийн хоёр сумын төсөвт байгууллагуудын барилгыг шинээр барьсан. Ингэхдээ хэт том байшин барьж, ашиглалтын зардлыг өсгөсөн гэсэн шүүмжлэл үүнийг дагаж байна.
Тэс сумын Засаг дарга З.Түмэндалай “Шинэчлэлийн төсөл хэрэгжүүлснээр сумын төсвийн зардал жилд 10-15 сая төгрөгөөр нэмэгдэх төлөвтэй байна. Гэхдээ соёлын дэвшил нь үүнээс илүү үнэтэй” гэв.
Дээрх 16-г шинэчилснээр нийт 19 сум инженерийн дэд бүтэц, цэвэрлэх байгууламж, дардан зам, гэрэлтүүлэгтэй орчин үеийн суурин болох учиртай. Монгол Улсын Засгийн газарт дахиад 312 сумыг шинэчлэх ажил бий.
Т.ЭНХБАТ