Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын баталсан “Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” 2016 оны 01/10тоот удирдамж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан хавсралтын дагуунийт 9 дүүргийн 88 улсын /ахлах/ байцаагчид хамтран хяналт шалгалт хийж байна.
Шалгалтанд худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний 216 аж ахуйн нэгж, худалдаа эрхлэгч 634 иргэн, нийт 881 цэг хамрагдаж, хяналт шалгалтын явцад 546 зөрчил илрүүлэн, үүнээс одоогийн байдлаар 296 зөрчил буюу 54.2 хувийг арилгуулан ажиллаж байна.
Илэрсэн зөрчлүүдийг арилгуулах, болзошгүй эрсдлийг бууруулах, хүнсний сүлжээнд оролцогч иргэн, аж ахуйн нэгжүүдэд хүнсний аюулгүй байдлыг хангуулж ажиллах талаар дараах ажлууд хийгдлээ. Үүнд:
1. Хүнсний сүлжээнд оролцогч аж ахуйн нэгж, иргэдэд болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, иргэд хэрэглэгчдийг хэрхэн аюулгүй хүнсээр хангах талаар 5 төрлийн зөвлөмж боловсруулан 380 гаруй газарт хүргүүлж, 160 гаруй аж ахуйн нэгж, 346 ажиллагсдад сургалт явууллаа.
2. Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулах зорилгоор 117 заалт бүхий 20 албан шаардлага өгч гүйцэтгэлд хяналт тавин, 15 аж ахуйн нэгжид 3.138.000, 6 албан тушаалтанд 1.332.000, 55 иргэнд 3.772.000, нийт 8.242.000 мянган төгрөгийн торгууль шийтгэвэр ногдуулж бүрэн барагдууллаа.
3. Хаяг шошго, чанар аюулгүй байдлын шаардлага хангаагүй 49 нэр төрлийн, 235.8 кг, 623 ширхэг, 1.365.600 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг улсын байцаагчийн 14 актаар хураан авч, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Захиргааны журмаар эд зүйлийг хураах, улсын орлого болгох, үнэлэх, устгах үйл ажиллагаанд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий орон тооны бус зөвлөл”-д шилжүүллээ.
4. Хоол хүнсний хордлого, халдварт хордлогоос урьдчилан сэргийлэх зорилгоор 107 нэрийн түүхий эд, хүнсний бүтээгдэхүүнээс дээж авч нян судлал, хор судлал, хүнд металлын шинжилгээнд хамруулан, улсын байцаагчийн 18 дүгнэлт гаргалаа.
5. Шалгалтын явцад шошгын зөрчилтэй худалдаалагдаж байсан 29 нэрийн, 42.7 кг, 9860 ширхэг, 22.835.000 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг хүнсний сүлжээнээс татан авалт хийлгүүлж зөрчлийг арилгууллаа.
Тухайлбал, ”Бишрэлт трейд” ХХК-ийн Солонгос улсаас импортлосон “АВС”-1297, “Fruits candy”-897 ширхэг 2 нэрийн чихэр, Cateau white-208, ZEC-348, Sandblack-2862, buttercoconut 1409, wafflemate-208, chicchoc-962, binch-756, kancho-3688 нэрийн печень, Герман улсад үйлдвэрлэсэн karinaweibe шоколад-474, 26 ширхэг шилтэй цай, “Кингдом” ХХК-ийн хэвийн боов, “Мөнх дуут” ХХК-ийн үйлдвэрлэж худалдаанд гаргасан бууз, “Манлай сүү” ХХК-д үйлдвэрлэсэн цөцгийтэй тараг, иргэн Б.Энхбаярын үйлдвэрлэсэн “Нийслэл” нэрийн хэвийн боов зэргийг хурааж авчээ.