Хавдартай тэмцэх дэлхийн өдөр өчигдөр тохиож, Монгол Улс ес дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлэв. Хавдар хэмээх өвчнөөр дэлхийд жил бүр 8.2 сая хүн нас бардаг. Тэдний тэн хагас нь цагаасаа эрт нүд аньдаг аж.
Тэгвэл гуравхан саяулаа Монголд жилдээ 5000 хүн эл өвчнөөр өвдөж, тэдний 3000 нь хорвоог орхидог байна. Олонх нь элэг, ходоод, умайн хүзүү, уушги, улаан хоолой, хөхний хавдар тусдагийн 70 хувь нь хожуу шатандаа оношлуулдгаас нас баралт ийм өндөр байдаг аж.
ЭМСЯ, Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ), Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн хамтраад Хавдартай тэмцэх дэлхийн өдрөөр олон нийтэд энэ талын мэдлэг мэдээлэл хүргэн, үзлэг, оношилгоо үнэгүй хийж, зөвлөгөө өглөө.
Мөн телевиз, сонин, сайтын сэтгүүлчдэд хавдрын өнөөгийн байдал, өвчин үүсгэгч хүчин зүйлс, нас баралт, оношилгоо, эмчилгээгээ хэрхэн явуулж буйгаа тайлагнаж, сургалт зохион байгуулав.
Хэвлэл мэдээллийн байгууллагын 30 гаруй сэтгүүлчийг хавдрын урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулж, зөвлөгөө өгсөн юм.
ХСҮТ, ХААН банктай хамтраад 2011 оноос Хавдрын эсрэг үндэсний аян өрнүүлж, өнгөрсөн таван жилд нийт 50.100 км зам туулан, хөдөөгийн иргэдийг хавдраас сэргийлэх, эрт оношлоход чиглэсэн олон арга хэмжээ зохион байгуулсан.
Мөн орон нутгийн 400 гаруй эмч, мэргэжилтнийг сургалтад хамруулж, ур чадварыг нь сайжруулсан байна.
Голчлон эрсдэлтэй бүлгийн 90.922 хүнийг үзлэг, шинжилгээнд хамруулан, хорт хавдар нь эрт үедээ оношлогдсон 403 хүнд мэс засал хийж, амийг нь аварчээ. Тэгвэл уг аяныг зургаа дахь жилдээ үргэлжлүүлэх болсноо ХСҮТ-ийнхөн мэдээлэв.
Манай улс 2016-2018 онд Хавдартай тэмцэх дэлхийн өдрийг “Би чадна, бид чадна, та ч бас чадна” уриан дор тэмдэглэж, энэхүү аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэхэд олон нийтийн анхаарлыг хандуулах нь.
Өнөө жил өвчлөл өндөртэй 8-10 аймагт төсөл хэрэгжүүлж, хавдар үүсгэгч эрсдэлт хүчин зүйлээс татгалзах, эрүүл амьдралын хэв маяг төлөвшүүлэх, эрт илрүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх аж.
Агаарын бохирдлоос болж сүүлийн үед уушгины хавдартай хүн нэмэгдэх болсныг ХСҮТ-ийн Цээжний хөндийн мэс заслын тасгийн эрхлэгч Б.Ганзориг хэлэв.
Хотын утаанд буй хорт бодисын хэмжээ ДЭМБ-ын зөвшөөрсөн хэмжээнээс 7-10 дахин өндөр байгаа нь эл өвчнийг үүсгэх гол шалтгаан болж буйг тэрбээр тодотгосон.
Агаарын бохирдлыг бууруулахгүй, энэ байдлаараа үргэлжилбэл 20 жилийн дараа гэхэд монголчуудын олонх нь уушгины хавдартай болох магадлал өндөр байгаа аж.
О.БАТ-УНДРАХ