Манай сонины энэ сарын 2-ны дугаарт ( В1 нүүр) “Утаа хэмжигчийн тоог нэмэв” гарчигтайгаар гарсан мэдээг бүрэн эхээр нь нийтэлж байна.
Энэхүү материалыг АНУ-ын ЭСЯ-ны байгаль орчин, шинжлэх ухаан, технологи, эрүүл мэндийн асуудал хариуцсан ажилтан Нэйтан Жонсон, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал, анагаах ухааны доктор Б.Цогтбаатар нар хамтран бичиж, бидэнд илгээснийг товчлон №026 дугаартаа мэдээ хэлбэрээр оруулсан юм.
АНУ-ын Элчин сайдын яам нь Улаанбаатар хотын хамгийн их агаарын бохирдолтой газруудын нэг болох Зуун айл орчмын гэр хороолол болон Зуун айлын барилгын материалын захтай хаяа нийлэн оршдог билээ.
Элчин сайдын яамныхан төдийгүй Улаанбаатар хотын иргэд хүний эрүүл мэнд, амь насанд аюултай агаарын бохирдолд өртсөөр байна.
Дэлхийн банкны судалгаанаас харахад өвлийн улиралд Монгол Улсын нийслэл дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотуудын тоонд “өргөмжлөгдсөн” байдаг.
Агаарт байгаа PM10, PM2.5 тоосонцор болон бусад хүхэрлэг хий, азотын давхар исэл, озон зэрэг бохирдуулагч бодисын хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө нь ердийн хүнд шууд илрэхгүй ч удаан хугацааны дараа ноцтой уршиг дагуулдаг.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2013 онд агаарын бохирдлын чухал үзүүлэлт болох тоосонцрыг судалж үзээд түүнийг хорт хавдар үүсгэгч бодисын ангилалд оруулсан байдаг. Энэ нь агаарын бохирдол бол дэлхий нийтээрээ шийдвэрлэвэл зохих чухал асуудал болохыг харуулсан.
Хамгийн сүүлд 2010 онд гаргасан судалгаагаар дэлхий дахинд агаарын бохирдлын улмаас 3.2 сая хүн нас барсны 223 мянга нь уушгины хорт хавдраар нас барсан байна. Түүнчлэн зүрх, судас болон уушгины өвчин агаарын бохирдлын улмаас үүсдэг болохыг сүүлийн үеийн судалгаанууд нотлон харуулсаар байна.
Тухайлбал, Канадын Саймон Фрэйзерийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар нийслэлийн хүн амын зүрх, уушги хавсарсан өвчнөөс үүдэлтэй нас баралтын 29, уушгины хорт хавдраас үүдэлтэй нас баралтын 40 хувь нь хотын агаарын бохирдлоос болсон гэж үзэж байгаа юм.
Энэ нь нийслэлийн хүн амын нас баралтын 10 хувьтай тэнцэнэ.
Ийнхүү ноцтой байдал үүсээд буй тул Монгол Улсын эрүүл мэндийн салбарынхан агаарын бохирдлыг бууруулж, хүн амын эрүүл мэндийг хамгаалах асуудалд анхаарал хандуулан, тодорхой алхмууд хийж эхэлжээ.
Монгол Улсын Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн хүн амын дунд агаарын бохирдлын хор уршиг, түүний сөрөг нөлөөнөөс өөрийгөө хэрхэн хамгаалах талаарх мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр ажиллаж байна.
Хамгийн сүүлийн жишээ гэхэд, НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Эрүүл мэнд, спортын яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам болон Хүүхдийн төлөө газар хамтран, энэ оны нэгдүгээр сарын 25-26-нд “Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө, шийдвэрлэх арга зам” сэдэвт олон улсын хурал зохион байгуулсан явдал юм.
Агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа асуудлыг гол сэдвээ болгосон тус хуралд яам, агентлаг, төрийн бус байгууллага, эрүүл мэндийн салбар болон олон улсын байгууллагуудын төлөөлөл болсон 160 шахам хүн оролцсон бөгөөд Монголын болон гадаадын, тэр дундаа Америкийн их сургуулиудын судлаачид хийсэн судалгааныхаа үр дүнг танилцуулж, оролцогчид дараагийн практик алхмууд, боломжит шийдлүүдийн талаар санал солилцсон.
АНУ-ын Засгийн газар болон АНУ-ын ЭСЯ-ны зүгээс НЭМХ зэрэг байгууллагуудын үйл ажиллагааг идэвхтэй дэмждэг ба Улаанбаатар хотын агаарын чанарын асуудлаар олон талын арга хэмжээ зохион байгуулсаар ирлээ.
Тухайлбал, энэ асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор 976 арт галерейд Монголын орчин үеийн шилдэг уран бүтээлчдийн холимог техник, үйл хөдлөлийн урлаг, уран зураг болон гэрэл зургуудыг толилуулсан “Диваажингаас төөрсөн хүүхдүүд 2” уран зургийн үзэсгэлэн гаргалаа.
Үүнээс гадна АНУ-ын Засгийн газар шинжлэх ухаан болон зах зээлд тулгуурласан практик алхмаар асуудалд анхаарал хандуулж байна. Нэгд, Улаанбаатар хотод 2011-2013 онд АНУ-ын Мянганы сорилтын корпорацын санхүүжилтээр 100.000 гаруй сайжруулсан зуух иргэдэд олгосон.
Эдгээр нь уламжлалт зуухыг бодвол жижиг ширхэглэгт тоосонцрыг 65 орчим хувиар бага ялгаруулдаг аж. Хоёрт, өнгөрөгч арванхоёрдугаар сард ЭСЯ ойр орчмынхоо агаарын бохирдлын хэмжээг тогтоох зорилгоор хашаан дотроо агаарын чанар хянах төхөөрөмж суурилуулан, ажиллуулж эхлээд байна.
Уг төхөөрөмжөөс гарч буй мэдээллийг тус ЭСЯ твиттер (twitter.com/USEmbUBAir) болон www.stateair.mn гэсэн цахим хуудсаар дамжуулан нийтэд түгээдэг. Энэхүү мэдээллийг ЭСЯ-ны ажилчид, эрүүл мэнд, шинжлэх ухааны салбарынхан, Монгол Улсын Засгийн газар, Улаанбаатар хотын иргэд болон дэлхий даяар интернэт хэрэглэгчид ашиглаж, өгөгдлийг нь шинжлэх боломжтой.
Зөв бодлого, зорилтот хөрөнгө оруулалт, Монгол Улсын Засгийн газрын албаны хүмүүсийн болон эрүүл мэндийн салбарын ажилчдын хүчин чармайлтаар Улаанбаатар хотын агаарын бохирдлоос үүсэж буй эрүүл мэндийн эрсдэлийг бууруулж болно гэдэгт НЭМХ болон АНУ-ын ЭСЯ итгэж байна.
Гэхдээ энэ нь хангалттай биш тул олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд үйл ажиллагаагаа төвлөрүүлэх шаардлагатай юм. Монгол Улсад тулгараад буй нийгмийн эрүүл мэндийн энэхүү томоохон сорилтыг даван туулахын төлөө оролцогч талууд хамтарч, тууштай ажилласнаар л үр дүнд хүрэх боломжтой.
Тиймээс бидэнтэй нэгдэн, энэхүү чухал асуудлыг шийдвэрлэхэд оролцоорой. Бидний хамтын хүчин чармайлт эерэг өөрчлөлт авчрах болно.