АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Сирийн босогчдод цохилт өгөхөө зогсоохыг ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинтай утсаар ярихдаа тус улсад уриалсан тухай Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлжээ.
Ерөнхийлөгч Обама хоёрдугаар 11-нд болж өнгөрсөн Сирид дэмжлэг үзүүлэх олон улсын бүлгийн уулзалтаар хэлэлцэн тохиролцсон шийдвэр, тохиролцоонуудыг хэлэлцэх зорилгоор өчигдөр Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтай утсаар ярьсан байна.
Америкийн удирдагч мөн “Сирийн бүслэгдсэн бүс нутгуудад хүмүүнлэгийн байгууллагуудыг нэвтрэх үүд хаалгыг нэн даруй нээх болон тус орон даяар байлдааны ажиллагааг зогсоох зайлшгүй шаардлагатай байгааг” онцолжээ.
ОХУ одоо Сирийн сөрөг хүчний эсрэг агаарын ажиллагаагаа зогсоож, нөхцөл байдалд тохирсон арга хэмжээ авах ёстой гэдгийг Ерөнхийлөгч Обама цохон тэмдэглэжээ.