Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод дахин харанхуйд гэрэлтдэг цэцэрлэгт хүрээлэн байгуулжээ. Энэхүү цэцэрлэгт хүрээлэн нь дахин боловсруулсан, эрчим хүчинд хэмнэлттэй, байгальд хоргүй материалаар хийгдсэн бөгөөд эхний сард л 150 мянга гаруй хүн үзэж сонирхжээ.
Тус цэцэрлэгт хүрээлэн зочлон очсон хүмүүс дэлхийн алдартай дурсгалт болон байгалийн үзэсгэлэнт газруудыг дуурайлган хийсэн орчинд хөгжим, циркийн үзүүлбэл шоу сонирхох ба олон үндэсний хоол зооглох боломжтой юм.
Уг цэцэрлэгт хүрээлэн нь дэлхийн хамгийн том гэрэлтдэг цэцэрлэгт хүрээлэн, мөн дахин боловсруулсан материалаар хийсэн гэдгээрээ дэлхийд олон амжилт тогтоож магадгүй гэнэ. Цэцэрлэгт хүрээлэнд дэлхийн хамгийн өндөр барилга Бурж Халифагийн 12 метрийн өндөртэй жижгэрүүлсэн хувилбарыг 330 мянган ширхэг эмийн хайрцаг ашиглан бүтээж мөн Абу Даби хотын алдарт Зайед Шейхийн сүмийг 90 мянга гаруй хуванцар аяга, тавгийг дахин боловсруулж, урлажээ.
Цэцэрлэгт хүрээлэнгийн зохион байгуулагчдын хэлж буйгаар "зөвхөн Гиннесийн номд бичигдэх бус, хүмүүсийг Зөв дадал хэвшилд хөтлөн Дубайн гэрэлтдэг цэцэрлэгт хүрээлэнд очсон хүн бүрд хог хаягдлыг дахин боловсруулах соёлын давуу талыг ойлгуулахыг зорьж буй" гэнэ.
Найман тэрбум америк долларын өртгөөр бүтсэн энэ цэцэрлэгт хүрээлэн дөрөвдүгээр сарыг дуустал ажиллах ба зарим хэсгийг нь нарны эрчим хүч ашиглан гэрэлтүүлэхээр бүтээжээ.

