Бизнес эрхэлнэ гэдэг нь багаа бүрдүүлэх, байрлах оффисоо олж, шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах, программ хөгжүүлэгч, дизайнер, маркетингийн мэргэжилтэн, борлуулалтын ажилтан, нягтлан бодогч ажилд шалгаруулахаас эхлээд олон шат дамжлагатай, нүсэр үйл явц байж ирэв. Гэвч сүүлийн жилүүдэд эрчээ авч буй хиймэл оюуны хөгжил бизнесийн “дүрмийг” үндсээр нь өөрчилж буй гэхэд үнэнээс хол зөрөхгүй болоод байна.
Хэдэн жилийн өмнө “Тэрбум ам.долларын үнэлгээтэй компани ердөө нэг ажилтантай байх боломжтой” хэмээсэн бол уран зөгнөл мэт сонсогдох байсан биз. Харин өдгөө AI-д сард ердөө 200 ам.долларын хураамж төлөөд өндөр бүтээмжтэй ажиллах, магадгүй бодсоноосоо ч ихийг бүтээх боломжтой гэж үзэх хандлага эрчимжжээ. Энэ нь олон жилийн турш “Бизнес эхлүүлэх юм сан” гэж толгойгоо гашилгаж явсан ч оффисын түрээс, хүний нөөцийн зардлаас эмээж, зүрхэлж үзээгүй мянга мянган хүнд “азны юм” болоодхов. Түүнчлэн нэг хүнтэй компани борооны дараах мөөг шиг болж, ийм төрлийн старт-апууд 2025 оны эхэн үеэс хойш өнөө 20 гаруй хувиар өссөнийг “Nasdaq” эдийн засгийн хүрээлэнгийн тайланд дурдсан байх жишээтэй. Энэ нь фриланс (freelance) буюу гэрээт ажил хийх төдийхнөөс хальж, хувь хүн албан ёсны брэнд, бие даасан эдийн засгийн субъект болох боломжтойг харуулж байгаа хэрэг хэмээн мэргэжилтнүүд үзэж буй. Ингээд ганцхан ажилтантай компаниуд гээч яг юу болох талаар уншигч танд сонирхуулъя.
Өнгөрсөн зургаадугаар сард Давост болсон Дэлхийн эдийн засгийн форумын үеэр бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчид ганц хүнтэй стартапуудын хэтийн төлөв, энэ нь ирээдүйн ажил эрхлэлтийн түвшинд хэрхэн нөлөөлөх талаар хэлэлцсэн юм. “Microsoft”-ынхон “Minecraft” тоглоомыг бүтээгч “Mojang” студийг 2.5 тэрбум ам.доллароор худалдан авахад тэд ердөө 40-үүлээ байсан гэдэг. “Фэйсбүүк” компани “WhatsApp”-ыг 19 тэрбум ам.доллароор “зодож”, өөрийн болгоход ч зурвасын аппликэйшн хөгжүүлэгч нь 55-уулаа байв. Үүнээс хоёр жилийн өмнө тэд “Instagram”-ыг 13-хан ажилтантай байхад нь нэг тэрбум ам.доллароор худалдан авсан билээ. Сэтгэх, код бичих чадвартай агентуудыг хөгжүүлж буй “Imbue” хэмээх AI судалгааны лабораторийн гүйцэтгэх захирал Канжун Циу эл хэлэлцүүлгийн үеэр “Хиймэл оюуны тусламжтайгаар том амжилтад хүрэх өндөр магадлалтай нэг хүний бизнесүүдийн бүтээгдэхүүн нь хэрэглэгч рүү шууд чиглэсэн хэлбэртэй” хэмээсэн нь ортой. Харин AI-д суурилсан эм бэлдмэл хөгжүүлэгчийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Formation bio” компанийн гүйцэтгэх захирал Бенжамин Лиу “Хэдийгээр нэг хүнтэй мега старт-апууд бий болох боломжтой ч бизнес, эсвэл бизнес эрхлэгчийн зүгээс харвал энэ нь тийм ч оновчтой биш. Хиймэл оюун хэдхэн секундэд мэдээлэлд дүн шинжилгээ хийж, маркетинг төлөвлөгөө боловсруулж, код бичиж, харилцагчийн үйлчилгээг автоматжуулж байна л даа. Үүний үр дүнд үүсгэн байгуулагч урт хугацааны чухал шийдвэрүүддээ бүх анхаарлаа хандуулах боломжтой нь сайн хэрэг байж мэдэх юм” гэсэн бол программ хангамжийн “Lattice” группийн ерөнхийлөгч Сара Франклин энэхүү шилжилтийг хүн ба AI агентууд зэрэгцэн ажиллах хамтын ажиллагааны шинэ эрин үе хэмээн нэрлэснийг энд дурдах нь зүйтэй.
Эдийн засагчдын үзэж буйгаар технологи, санхүү, зөвлөх үйлчилгээ зэрэг хиймэл оюуныг өндөр түвшинд нэвтрүүлсэн салбарын бүтээмж сүүлийн 20 жилд дунджаар 2.2 хувь өсөж, бусад салбараас хол тасарсан аж. Түүнчлэн байгуулагдаж буй нэг хүний компанийн бараг тал хувь нь яг энэ салбаруудад хамаатай нь дэлхийн макро эдийн засгийн чанарт эергээр нөлөөлж буйг онцолж байна. Өөрөөр хэлбэл, “Stripe”, “Shopify”, “Upwork” зэрэг цахим дэд бүтцийн тусламжтайгаар Улаанбаатарын нэгэн залуу Нью-Йорк, Токио, Лондоны хэрэглэгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ шууд борлуулах боломжтой гэсэн үг. Үйл ажиллагааны тогтмол зардал байхгүй тул ийм компаниудын ашигт ажиллагаа маш өндөр, эдийн засгийн хямралд тэсвэртэй байдаг давуу талтайг ч дурдсан билээ.
Өнгөрсөн жил ашгийн бус байгууллагуудад зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “Positive equation” компанийг үүсгэн байгуулагч Дана Снайдер хиймэл оюуны кодчиллын хэрэгслүүдийг ашиглан сайн дурын байгууллагуудад зориулсан зөвлөх платформ бүтээжээ. Энэхүү аппликэйшн нь тэдэнд сар бүр хандив тусламж цуглуулах хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэхийг зааж, байгууллага бүрийн онцлогт тохирсон хөрөнгө босгох стратеги, доноруудтай харилцах төлөвлөгөө, нэрсийг автоматаар бэлтгэж өгдөг байна. Түүнчлэн технологийн ямар ч суурь мэдлэггүй Снайдер AI кодчиллын хэрэгслүүдийг ашиглан уг платформыг зургаан сарын хугацаанд босгосон бөгөөд түүний гол зорилго нь АНУ-д хувийн зөвлөх хөлслөх санхүүгийн боломжгүй байдаг нийт ашгийн бус байгууллагын 93 орчим хувьд дэмжлэг үзүүлэх явдал байв. Тэрбээр өнөөдөр олонх харилцагчаа уг платформоор дамжуулан удирдаж буй бөгөөд одоог хүртэл компанийнхаа цорын ганц үндсэн ажилтан хэвээр.
Өнгөрсөн оны тавдугаар сард АНУ-ын Хүн амын тооллогын товчооноос гаргасан дата мэдээлэлд ажилтан цалинжуулдаггүй 29.8 сая компани 1.7 их наяд орчим ам.долларын орлого олсон нь нийт дотоодын нийт бүтээгдэхүүний 6.8 хувийг эзэлж байна гэжээ. Шинээр бизнес эхлүүлэх өргөдлийн тоо сард 440 мянгаас давж байгаа нь цар тахлын өмнөх үеийнхээс 90 гаруй хувиар өссөн үзүүлэлт аж. Харин сүүлийн үеийн тооцоогоор АНУ дахь ганцаарчилсан бизнес эрхлэгчдийн тоо өдгөө хэдийн 41 саяас давсан бололтой дог. Гэвч ийм бизнес олшрохын хэрээр багийн ажиллагаа, амьд харилцаа, хамтын хөдөлмөр илүү үнэ цэнтэй болохыг томоохон “шаркууд” сануулж байгаа юм.
Д.Хэрлэн