Хог хаягдлыг ачих, тээвэрлэх үйлчилгээний менежментийг сайжруулах ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд 18.00-21.00 цагаас бусад үед хог хаяхыг хориглолоо. Хог хаягдал тээвэрлэх ажлыг авто замын хөдөлгөөний ачаалалтай уялдуулан шөнийн цагийн хуваарьт шилжүүлсэн нь энэ аж. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ үүний талаар “Түгжрэл ихтэй өдрийн цагаар бус, шөнө хог ачиж тээвэрлэх юм. Хог хаягдлын менежментийг сайжруулахын тулд ангилан ялгаж, дахивар хаях савнуудыг байршуулж, зориулалтын машин, техникээр татах ажлуудыг энэ оны нэгдүгээр улиралд багтаан хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Хог хаях соёл төлөвшүүлэхэд иргэдийн оролцоо чухал. Зөвшөөрөлгүй газар хог хаяхгүй байж, зөрчил гаргасан иргэнийг хороо, дүүрэгтээ мэдэгдэх хэрэгтэй” гэв.
Түүнчлэн нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх, аж ахуйн нэгж, байгууллагуудыг идэвхжүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Бүх нийтийн их цэвэрлэгээ” арга хэмжээг Цагаан сарын өмнө зохион байгуулахаар товложээ. Энэ тухай Б.Мөнх-Эрдэнэ “2025 онд нийт зургаан удаа их цэвэрлэгээ хийхээр төлөвлөж байна. Сар шинийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 22, 23-нд зохион байгуулахаар дүүргүүдэд үүрэг өгсөн. Үүний дагуу дүүргүүд нийтийн эзэмшлийн зам, талбай, гуу жалга, гэр хороолол, аж ахуйн нэгж, байгууллагуудын цэвэрлэгээг хариуцаж, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхээр ажиллана” гэсэн юм.
М.Оч