ЭХЭМҮТ-ийнхөн эмийн хатуу зохицуулалттай улс оронд үйлдвэрлэсэн, чанарын баталгаатай эмийг хүүхдийн хорт хавдрын эмчилгээнд ашиглаж эхлээд байна. Тодруулбал, манай улс уг өвчний эсрэг эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2023 онд “Хүүхдийн хорт хавдрын эмийн хангамжийг сайжруулах дэлхийн платформ”-д нэгдсэн билээ. Уг төслийн хүрээнд энэ оны хоёрдугаар сараас хойш хүүхдийн хавдрын эмчилгээнд зайлшгүй шаардлагатай, чанарын баталгаатай 30 нэр, төрлийн эм хүлээн аваад буйгаа ЭМЯ-наас мэдээллээ. Эдгээр эм нь гаж нөлөө багатай, эмчилгээний үр дүн өндөртэй гэдгийг эмч, мэргэжилтнүүд ч баталж байгаа юм.
Мөн хүүхдийн хавдрын оношилгоо, эмчилгээнд шаардлагатай эмийн бүтээгдэхүүн хадгалах зориулалтын хөргөгч, чийг хэмжигч, цитотоксик эм бэлтгэх сэгсрэгч, урвалж, цахилгаан хангамжийн генератор зэрэг 14 төрлийн 91 тоног төхөөрөмжийг ЭХЭМҮТ-д нийлүүлээд буй гэнэ. Түүнчлэн тус төвийн Эм зүйн албанд химийн эм, тариа найруулах хэсэг ч байгуулжээ. Энэ талаар салбарын сайд “Хүүхдүүдэд чанартай эмээр үйлчилж, шаардлага хангасан эм чилгээ хийх нь чухал. Химийн эм, тариаг нэг ч мг алдахгүй, нарийн тунгаар найруулах хүчин чадалтай автомат системийн төхөөрөмжийн санхүүжилтийг ирэх оны төсөвт суулгасан” гэлээ. Ташрамд дурдахад, энэ оны эхний 11 сарын байдлаар манай улсад 0-19 насныхны дунд хавдрын 82 тохиолдол бүртгэгдсэн ба 429 хүүхэд эм чийн хяналтад эмчлүүлж байгаа аж.