Н.ЭНХ
1999 онд яг адил тайзан дээр аварга цолны төлөө хүч сорьж байсан хоёр баг болох “Сан-Антонио спөрс”, “Нью-Йорк никс” баг NBA-ийн 2026 оны финалд дахин учраа таарлаа.
“Сан-Антонио спөрс” 2014 оноос хойш анх удаа NBA-ийн финалд хүрч байна. М.Жонсоны удирдлага дор, В.Вембанямагаар манлайлуулсан Техасын баг долоон тоглолтын турш ширүүн тэмцэл өрнүүлсний эцэст аварга цолоо хамгаалагч “Оклахома”-г дийлж шигшээ шатанд шалгарсан юм.
Тэдэнтэй финалд тоглох “Никс” баг бүсийн финалд “Кливлэнд”-ийг 4-0 харьцаатай “шүүрдэж”, өрсөлдөгчөө бараг хоёр долоо хоног хүлээж байна. Тэд XXI зуунд нэг ч удаа NBА-ийн финалд гараагүй бөгөөд Л.О’Брайены нэрэмжит цомын төлөө хамгийн сүүлд 1999 онд буюу одоогоос 27 жилийн өмнө тоглож байжээ. Тэгэхэд тэдэнтэй чухам “Спөрс” өрсөлдөж байсан юм.
27 ЖИЛИЙН ӨМНӨХ ТҮҮХИЙГ ЭРГЭН САНАВАЛ
Хэдий 27 жил өнгөрч хоёр багийн түүхэнд олон зүйл болсон ч “Спөрс”-т нэг л зүйл хэвээр байна. Тэр бол “өндөр тоглогч”-д түшиглэсэн тоглолтын хэв маяг. 1999 онд Т.Данкан гол дүр, харин ахмад Д.Робинсон түүнд тусалж байв. Харин одоо В.Вембаняма багаа тэргүүлж, түүний ард С.Касл, Д.Харпер, Д.Васселл, Ж.Шампени, Д.Аарон Фокс, К.Жонсон нарын туслахын том арми зогсож буй.
1999 онд хоёр баг тэс ондоо статустайгаар шигшээд шалгарч байжээ. Локаутын улмаас богиноссон тэрхүү улиралд “Өрнөд” бүсийг “Сан-Антонио” тэргүүлж дуусгаад аваргалах гол нэр дэвшигчдийн нэг гэгдэж байв. Харин “Нью-Йорк” бүсдээ дөнгөж наймдугаар байрт орж, “Шарлотт”-ыг ердөө нэг оноогоор илүүрхэн плей-оффт орж ирсэн билээ.
Финалд хүрсэн зам нь ч огт өөр. “Сан-Антонио” эхний шатанд “Миннесота”-д ганцхан удаа хожигдсоны дараа “Лейкерс” (4-0), “Портлэнд” (4-0) багт ямар ч боломж олголгүй дийлсэн. Харин “Нью-Йорк” эхний шатанд “Майами”-тай үхэн хатан тэмцэж, бараг бүх шинжээч ялалтыг “Хит”-ийн талд өгч байв. Гэвч “Никс” таван тоглолтод (3-2) өрсөлдөгчөө дийлж, гайхам ялалт байгуулсан. Тэд дараа нь “Атланта”-г бүрэн илүүрхээд (4-0), бүсийн финалд Р.Миллер тэргүүтэй “Индиана”-г (4-2) ялсан юм.
“Индиана”-гийн эсрэг цувралд “Нью-Йорк”-ийн гол од болох П.Юинг гэмтсэн. Хэдий тэд “Пэйсерс”-ийг ялсан ч хүчирхэг төвийн тоглогчгүйгээр Т.Данкан, Д.Робинсон хэмээх хоёр ихэр цамхгийн эсрэг хөдөлгөх “хөзөр”-гүй болсон юм. Л.Спрюэлл, Л.Жонсон, М.Кэмби нар хэдийгээр хичээн тэмцсэн боловч үнэхээр хүч хүрэлгүй “Сан-Антонио”-д 4-1 харьцаатай ялагдсан билээ. Ийнхүү “Спөрс” түүхэн дэх анхны аварга цолоо хүртэж байлаа.
АДИЛ ТӨСТЭЙ ТҮҮХҮҮД
Тэр үеийн болон одоогийн финалын хооронд нэгэн сонирхолтой зэрэгцүүлэл бий нь Брансоны гэр бүл. Р.Брансон 1999 онд “Никс”-т тоглож байсан ч үндсэн бүрэлдэхүүний тоглогч биш байсан тул финалд бараг тоглоогүй (есөн тоглолтод дунджаар хоёр минут). Харин одоо “Никс”-ийг түүний хүү Ж.Брансон манлайлж байгаа бөгөөд тэрбээр багийнхаа гол од нь болж, бүсийн финалд 26.9 оноо, 2.8 самбар, 6.6 дамжуулалт дунджилжээ. Тухайн үед аав нь NBА-ийн аварга болж чадаагүй бол энэ удаад хүү нь аавынхаа алдааг засаж чадах болов уу?
ЭНЭ УЛИРЛЫГ ЭРГЭН САНАВАЛ
Энэ улиралд “Спөрс”, “Никс” нийт гурван удаа тоглоход тус бүр талбайдаа хийсэн тоглолтод ялж, харин Цомын финалд “Нью-Йорк” илүүрхсэн (124:113). Сонирхолтой нь, “Сан-Антонио” цомын тэмцээний хагас шигшээд “Өрнөд” бүсийн шигшээд хүч үзсэн “Оклахома”-той тоглож хожсон байдаг. Гэхдээ цомын тэмцээнд ганц тоглолтоор бүх зүйл шийдэгдсэнийг санах хэрэгтэй.
Одоо бид хүчирхэг бүрэлдэхүүнтэй төдийгүй лигийн бараг бүх баг атаархмаар сэлгээний тоглогчидтой хоёр шилдэг багийн тулааныг үзэх гэж байна. 1999 онд “Спөрс” хэт давамгайлж байсан шиг нэг талт тулаан энэ удаад өрнөхгүй бололтой. “Никс” тун хүчтэй баг тул эхний тоглолтоос эхлээд л сонирхолтой өрсөлдөөн өрнөх нь гарцаагүй. Юу болохыг бүгдээрээ тэсэн ядан хүлээе.
Финалын эхний тоглолт маргааш эхэлнэ.