Шинэ Үндсэн хууль долоодугаар сарын 1-нд хүчин төгөлдөр болсноор Казахстанд улс төрийн тогтолцооны түүхэн өөрчлөлт шинэчлэлт эхэлсэн гэж үзэх болжээ. Энэ тухай Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев нь мэдэгдэхдээ “Улс төр, эдийн засгийн өөрчлөн байгуулалт, цар хүрээтэй шинэчлэлийн их замд гарлаа” гэж хэлээд эрин зууны энтэй энэ үйл явдлыг тохиолдуулан ард түмэндээ баяр хүргэсэн байна.
Мажилис хэмээх Доод танхим, Сенат гэх Дээд танхимаас бүрдэх хоёр шатлалтай Парламентаа энэ өдрөөс хойш нэг танхимтай Курултай (Хуралдай) гэж нэрлэх болжээ. Депутатуудаа намын жагсаалтаар буюу пропорционалиар сонгож байх болов. Улс орноо удирдан жолоодох тогтолцоонд нь орсон хоёр дахь шинэчлэлт нь 1991-1996 онд оршин байгаад цуцлагдсан Дэд Ерөнхийлөгчийн албан тушаалыг сэргээн бий болгосон явдал юм. Шинэ Үндсэн хуульд зааснаар Дэд Ерөнхийлөгч нь нам бус байх бөгөөд бүрэн эрхийнхээ хугацаанд бизнес эрхлэхгүй, депутатаар сонгогдохгүй юм. Эрх мэдлийн дээд эрэмбэд Дэд Ерөнхийлөгч нь улс орондоо хоёрдугаар хүн байна. Төрийн тэргүүн хугацаанаасаа өмнө огцорвол түүний бүрэн эрхийг хүлээн авна. Энэ тохиолдолд Ерөнхийлөгчийн сонгуулийг түүний бүрэн эрхийг зогсоосноос хойш хоёр сарын дотор хийнэ. Улс төр шинжээч Газиз Абишев ТАССын сурвалжлагчтай ярилцахдаа “Төрийн бүрэн эрхийн үлэмж хэсэг Ерөнхийлөгчийн гарт төвлөрч, хүчтэй Ерөнхийлөгч парламент болон Засгийн газарт тайлагнадаг байгууллагуудад нөлөөлнө. Үүгээр манай Үндсэн хууль тус улс Ерөнхийлөгчийн БНУ болохыг тусган харуулж байгаа юм” гэж хэлжээ.
Казахстаны шинэ парламентын сонгуулийн урьдчилсан дүнг энэ сарын 24-ний өглөө Сонгуулийн төв комисс нь зарлав. Түүнд өгүүлснээр зургаадугаар сарын 1-нд бүртгүүлсэн Ерөнхийлөгчийг дэмждэг “Адилет” (“Шударга ёс”) нам илт давуу 71.17 хувийн саналаар ялалт байгуулжээ. Курултайн бүрэлдэхүүнд 6.26 хувийн санал авсан “Ауыл” (Село), 5.56 хувийн дэмжлэг хүлээсэн залуу бизнесменүүдийн Respublica, 5.21 хувийн санал авсан “Ак жол” (Светлый путь) зэрэг нам оржээ. Ийнхүү Казахстаны шинэ парламент (Курултай) олон намын бүтэцтэй болсон байна. Сонгогчдын оролцоо 74.8 хувь байв.
Оросын талыг баримталдаг “Коммунист...” нэртэй байсан Казахстаны ардын нам парламентын гортигийн гадна үлджээ. Тус нам 2012 оноос парламентад фракцтай байсан юм. Сая болсон сонгуулиар сонгогчдоос ердөө 3.11 хувийн дэмжлэг хүлээсэн аж.
Гуравдугаар сард шинэ Үндсэн хууль ба талснаар есдүгээр сарын 1-нээс тус улсад нэг танхимтай Курултай хэмээх парламент үйл ажиллагаагаа явуулж эхлэх юм.
Үүсэн бий болсон өдрөөсөө Ерөнхийлөгч Токаевын өөрчлөлт шинэжлэлтийг дэмжихээ нэгэнт зарласан “Адилет” нам 145 суудалтай нэг танхимтай парламентад 110-112 гишүүнтэй байх төлөвтэй юм байна. Парламентын ийм бүрэлдэхүүн нь геополитикийн өнөөгийн амаргүй нөхцөлд гүйцэтгэх засаглал нь чухал шийдвэрүүдээ шуурхай гаргахад ач тустай байх нь мэдээж. Сонгууль болохоос хоёр өдрийн өмнө Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев хийсэн мэдэгдэлдээ “Улс орноо цаашид өөрчлөн шинэчлэхэд Курултай их хурд нэмэх болно. Казахстаныг хөгжингүй улс болгож хувиргах стратегийг бид амьдралд тууштай хэрэгжүүлнэ. Тэргүүний улсуудын эгнээнд орохын тулд амар бус зорилтуудыг шийдвэрлэх болно” гэж хэлсэн байна. Санал өгсөн сонгуулийн хэсэгт очоод байхдаа Токаев улсынхаа ирээдүйн төлөвлөгөө, зорилтын талаар сэтгүүлчдэд санал бодлоо хэлжээ. Түүний өгүүлснээс үзвэл тоон илэрхийлэл, хиймэл оюуны тусламжаар ухаалаг утсыг мөнгө олох хэрэгсэл болгох, язгуур уламжлалаа сахих, Казахстаныг иргэдийнхээ хувьд нийгмийн объектуудыг босгох бүтээн байгуулалтын том талбар болгохыг зорих аж. “Үүний тулд Үндэсний санг ашиглахад би бэлэн. Ард түмнийхээ сайн сайхны тулд ашиглаж болохоор байхад мөнгийг үнэт цаас хэлбэрээр хилийн чанадад байлгах ямар хэрэгтэй юм бэ. Тэр мөнгийг хүмүүс ашиглах ёстой” гэж Токаев онцолсон байна. Шинэ Үндсэн хууль үйлчилж эхэлсэнтэй холбоотойгоор Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх боломжийн талаар сэтгүүлчид сонирхоход “Нэг жилийн дараа л энэ талаар хэлж болох юм” гэсэн байна.
Нурсултан Назарбаевын үед түүний “Нур Отан” (Свет Отечества) нам 201 2 онд парламентын хоёр танхимд депутатын 80 хувийн суудлыг эзэлж байснаа 2016 онд 82 хувь болжээ. Тэгвэл нийгмийн зүтгэлтэн Казбек Бейсебаев өнөөгийн байдалд шүүмжлэлтэй хандаж “Улс төрийн урьдах тогтолцоог бид уламжилж авсангүй. Назарбаевын үеийн тогтолцоо шүүмжлэгддэг байсан ч түүнд ардчиллын элемент их ч, бага ч байсан юм. Ялангуяа Дээд танхимд бүс нутгуудын язгуур соёлын бүсүүдийн төлөөлөл байсан. Одоо энэ алга болж” гэж хэлсэн байх юм. “Өмнөх дэглэмийг нэг хүнийх гэдэг байсан, одоо ч тэр байдал байсаар. Үүнийг манай улс төрчид ардчилал руу хийж буй алхам гэж хэлж буйтай би санал нийлэхгүй. Ерөнхийлөгчийн эрх мэдэл бэхжиж байна. “Хүчтэй Ерөнхийлөгч”-ийн үед парламент ямар ч нөлөөгүй болно” гэж тэрбээр үзжээ. Дэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Дээд шүүх, Үндсэн хуулийн цэцийн гишүүдэд санал болгосон нэр дэвшигчдийг нь депутатууд дэмжихгүй бол Ерөнхийлөгч Курултайг тараах боломж байгаад Казбек Бейсебаев анхаарал илүүтэй хандуулжээ. Тэгээд “Курултайн (парламент) сонгуулийн үр дүн миний гайхлыг төрүүлсэнгүй. Түүнийг урьдчилан төлөвлөчихсөн байж” хэмээн Токаевын адил Москвагийн Олон улсын харилцааны их сургууль төгссөн, саяхан болтол Казахстаны Гадаад хэргийн яаманд ажиллаж байсан нийгмийн зүтгэлтэн маань Германы сэтгүүлчтэй ярилцахдаа хэллээ.
Казахстанд саяхан болсон парламентын сонгуулийг ОХУ-ын Сонгуулийн төв комиссын тэргүүн Элла Памфилова ажигласан байна. Сонгуулийн бэлтгэл, санал хураалтын үеийн нууцлалыг тэрбээр өндөр үнэлжээ. Сонгуульд долоон намын 545 нэр дэвшигч өрсөлдсөн аж. Урьдах хоёр танхимт Парламент нь Сенатдаа бүс нутгууд төлөөлөлтэй байх боломж олгож байжээ.
Хоёр танхим нь бие биендээ сөрөг хүч болж, зарим тохиолдолд Доод танхим (Мажилас)-ын баталсан хууль Дээд танхим (Сенат)-аас буцаад ирдэг байж. Улс төрч, шинжээч, судлаачдын заримынх нь үзэж буйгаар улс төрийн шинэ тогтолцоо нь өрсөлдөөнийг бууруулжээ. Одоо бол хууль тогтоох шатанд шийдвэр гаргах ганцхан төв байна. Ердөө л намын жагсаалт гэж нэг шинжээч тэмдэглэсэн байна. Шинэ парламент (Курултай)-ын өнгөн дээр Москва, Астанагийн харилцаанд ноцтой, онцгой өөрчлөлт гарахгүй болов уу. Казахстаны гадаад бодлогыг юуны урьд Төрийн тэргүүн тодорхойлж, парламент хоёрдугаар зэргийн үүрэг гүйцэтгэнэ. Намуудад Ерөнхийлөгчийг дэмждэг “Адилет” намынхан нөлөөлнө. Парламентад цөөн ч гэсэн суудалтай бусад дөрвөн намын “Ак жол” нь том бизнест, Respublica нь бага, дунд бизнест, “Ауыл” нь хөдөөгийн оршин суугчид хийгээд газар тариалангийн салбарын ажилтан, ажилчдад “Байтак” нь байгаль хамгаалагчдад түшиглэнэ гэж шинжээч дүгнэжээ.
Р.Жаргалан