Есдүгээр сарын 1 бол ерөөсөө бидний баяр хэмээх бичигдээгүй хуулийг монголчууд хэзээнээс ч юм дагаж мөрдсөөр ирсэн. Угтаа бол ердийн л нэг өдөр билээ. Гэтэл бид хичээлийн шинэ жилийн эхний өдрийг баяр ёслол, сургууль, цэцэрлэгийн захирал, багш нарт тал засах, эсвэл дутуугийн мэдрэмжээ дүүргэх, бүр бэл бэлчингээ гайхуулах хэлбэр төдий тэмдэглэсээр өдий хүрэв. Хүүхдээ хувийн сургуульд сургах уу, улсынхад оруулах уу, ямар брэндийн цүнх үүрүүлэх, юу өмсгөх, багшид нь ямар бэлэг бэлдэх вэ гэсэн материаллаг дарамт эцэг, эхчүүдийн толгойны өвчин болж, хуучин дүрэмт хувцсыг нь угааж, индүүдээд оруулна даа гэсэн аав, ээжүүдийг хөлдөө чирдэг нь нууц биш. Агуулгаасаа илүү хэлбэрт анхаарч, сургахаасаа урьтаж нээлт чухалчихдаг улс манайхаас өөр бий болов уу.
ХҮҮХДҮҮДЭД УРАМ ӨГӨХИЙГ ИЛҮҮД ҮЗДЭГ
Хичээлийн шинэ жил улс орон бүрд өөр өөр өдөр эхэлдэг. Тухайлбал, Япон, Өмнөд Солонгос 3-4, Европын олон орон найм, есдүгээр сард хичээлээ эхлүүлдэг. Үүнийг зүгээр л хичээл эхлэх өдөр гэж үздэг буюу онцгой үйл явдал мэтээр хүлээн авдаггүй байна. Харин манай хойд хөрш болон ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудад есдүгээр сарын 1 бол онцгой. Эл өдрийг ОХУ “Мэдлэгийн өдөр” хэмээн тусгайлан нэрлэж, шинэ хичээлийн жилийг ёслол төгөлдөр эхлүүлдэг уламжлалтай. Манай улсад мөн ялгаагүй энэ өдөр өнгө өнгийн цэцэг, нав чинд умбаж, амттанд бялуурч өнждөг. Сургууль, цэцэрлэгийн гадаа элдэв амттан, цэцэг, бэлэг дурсгалын зүйл өрөөстэй, яг л зах шиг хөл хөдөлгөөн ихтэй байдаг. Зарим газарт нь бүр автомашины тээш дүүрэн чихэр, шоколад, чихмэл тоглоом, давсаар урласан бүтээл бүхий явуулын наймаа “цэцэглэдэг”. Эдгээрийг нь үнэндээ багш нар авахыг хүсдэг нь юу л бол. Хи чээлийн эхний өдөр нь ширээ дүүрэн хэрэгтэй, хэрэггүй зүйл хөглөрчихсөн харагддаг.
Есдүгээр сарын 1-нд сургууль руу ойртох тусам нүсэр дуу чимээ хангинаж, өнгө өнгийн бөмбөлөг хийсэн, улаан хивс дэвсчихсэн, ганган хүүхдүүд хонх жингэнүүлэн дуугаргахаар хэний ч сэтгэл хөдлөлгүй яах вэ. Үеийнх нь найзууд цэцэг, чихэр бариад явахаар гар хоосон хүүхдүүд ичиж, ээж, аавыгаа “холгож”, багшийгаа баярлуулахыг хичээдэг. Анхнаасаа л ингэж нүсэр ажил болохгүй бол хэн хэндээ амар. Гэтэл нээлт хийчхээд л тарчихдаг нь цөөнгүй.
Шведэд амьдардаг нэгэн монгол эмэгтэй хүүхдүүдээ сурагч болж буй талаар блогтоо хуваалцахдаа хичээлийн шинэ жилийн эхний өдөр тэнд их л даруухан, энгийн байсныг онцолсон юм. Хоёр ихрийнхээ сурагч болж буй өдөрт нь зориулан, гоёж гоодоод очтол Монголд байдаг шиг багшдаа цэцэг өгч, захирал мэндчилгээ дэвшүүлж, эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ зургаа татуулах гэж хошуурахгүй, багш нь хүлээж аваад л, хичээл цагтаа эхэлжээ. Энэ байдал нь түүнд нэг л эвгүй санагдаж. “Өнөөдөр чинь хи чээлийн шинэ жилийн баярын өдөр шүү дээ. Гэтэл цэцэг барьсан ганц ч хүүхэд алга” гэсээр гайхан шогшорч байв. Тэрбээр “Шведэд сурагчид дүрэмт хувцас өмсдөггүй. Зарим нэг сургууль бол албан ёсоор жигд хувцас өмсөх нь бий. Гэхдээ есдүгээр сарын 1-нд хүүхэд бүр л шинэ цүнх, хувцас авхуулахыг хүсдэг шүү дээ. Би ч хоёр ихэртээ цүнх захиалж оёулсан. Биед эвтэйхэн хувцас сонгосон. Сургуультайгаа танилцахдаа хүүхдүүд өөрсдийгөө зурсан юм. Тэр зураг дээр нэрийг нь бичээд хувцасны шүүгээнд нь наасан байна лээ. Өөрөөр ямар нэгэн нээлт байхгүй, их энгийн өнгөрлөө” хэмээн ярьжээ.
Чехэд мөн л сургуулийн хүүхдүүд дүрэмт хувцас өмсдөггүй, хичээлийн шинэ жилд ихээхэн ач холбогдол өгч, эцэг, эхэд дарамт учруулдаггүй талаар тус улсад 18 жил амьдарч буй Т.Мөнх-Эрдэнэ хуваалцсан юм. Тэрбээр 4-15 насны дөрвөн хүүхэдтэй бөгөөд бүгдээрээ тус улсад мэндэлсэн байна. Бага ангийн сурагч, ялангуяа нэгдүгээр ангид анхлан орж байгаа хүүхдүүд л багшдаа цэцэг авч очихоос биш, нийтээрээ хөл хөөрцөг болдоггүй аж. Цэцэрлэг, сургууль нь үнэ төлбөргүй, тэр бүү хэл, шинээр элсэн суралцаж буй нэгдүгээр ангийн хүүхдүүдэд хичээлийн тодорхой хэрэгсэл бэлэглэж, урам зориг хайрладаг байна. Нэг ёсондоо “хичээл эхэллээ” гэх ойлголтыг өгөхөөс илүү сайхан мэдрэмж, таатай дурсамж үлдээхийг чухалчилдаг гэнэ.
Түүнчлэн Австралид амьдардаг, хоёр хүүхдийн ээж “Энд хичээлийн шинэ жил нэгдүгээр сард эхэлдэг. Зуны амралт хамгийн урт, арванхоёрдугаар сарын 21-нээс нэгдүгээр сарын 28 хүртэл үргэлжилдэг юм. Хичээл эхлэхэд хүүхдүүдэд шинэ хувцас, цүнх хэрэггүй. Цэвэрхэн, хиргүй байхад л хангалттай. Анх сургуульд орж байгаа хүүхдүүд ч тэр ах, эгчийнхээ хуучин хувцсыг өмсчихсөн харагддаг. Багшдаа ямар нэгэн бэлэг сэлт өгдөггүй. Харин эцэг, эхчүүд сайн дураараа нэгдээд, дээд тал нь 20 австрали доллар гэх мэтээр хязгаар тогтоож, багшийнхаа гар цайлгаж болдог. Үүнд нь оролцохгүй ч байх эрхтэй” гэж ярив. Гадаадын иргэдийн хүүхдүүд төлбөртэй сурдаг бөгөөд энэ нь визийн ангиллаас нь шалтгаалж өөр өөр аж. Харин Англид сурагчид дүрэмт хувцсаар ижилсдэг байна. Зарим нь энгийн поло, саарал өмд, хар гутал өмсдөг бол хэсэг нь цагаан цамцаар жигдэрнэ. Биеийн тамирын хувцас, цүнх, оймс нь хүртэл жигд, адилхан, ямар нэгэн брэндийн логогүй байхыг шаарддаг гэнэ. Энэ нь ихээхэн амар байдаг талаар нэгэн ээж ярьсан юм.
Харин манайд зарим эцэг, эх хүүхдээсээ илүү хөөрч догдолж, тэдний хүссэнээр биш, өөрийнхөө таалалд нийцсэнээр хувцаслаад, зургийг нь авч, сошиалд хандалт авдаг явдал газар авсан. Зарим нь бүр багшийг баярлуулах нэрээр шоу цэнгээн зохион байгуулах нь бий. Нэг хүүхдийн дүрэмт хувцас, цүнх, гутал, биеийн тамирын хослол, хичээлийн хэрэгсэл бэлдэхэд дунджаар 700 орчим мянган төгрөг зарцуулж буй. Үүний зэрэгцээ цэцэг, чихэрний татаас эцэг, эхчүүдэд нэрмээс болдог. Үүгээр ч зогсохгүй нэгдүгээр ангийн хүүхдээ “А бүлэгт” элсүүлнэ хэмээн сургуулийн удирдлагыг хахуульдах явдал ч гарах болж. Цагаан толгойн “А” үсэг хэдэн саяын үнэтэй гэх юм билээ. Энэ мэт гажуудлыг засахын оронд манай сайд, дарга нар хичээлийн нээлтэд оролцож, үг хэлэх дуртайг яана. Сонгогдсон тойргийнхоо сургуульд очиж, тууз хайчилж, хонх жингэнүүлэх үзэгдэл нэг хэсэг газар авч байв. Гишүүн ирэх сургаар аль өнгөтэй өөдтэйгөө өргөн барьж, найр наадам болж хавтайрах нь хэвийн үзэгдэл гэж үү.
ШИРЭЭ, САНДАЛГҮЙ СУУЖ БАЙЖ ИЧИХ ХЭРЭГТЭЙ
Сүүлийн жилүүдэд УИХ-ын дарга, Ерөнхий сайд тэргүүтэн сургуулийн нээлтэд оролцож, үг хэлж, алга ташуулдаг нь цөөрсөн. Гэвч зарим “поп” дарга сэм оччихсон, хүүхэд багачуудаар хүрээлүүлчихсэн зогсож л байдаг. Энэ нь тухайн сургуульд нэмэр биш, нэрмээс болдог юм. Өнгөрсөн онд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хичээлийн шинэ жилд зориулан цахимаар үг хэлсний дараа “Монголчуудын бичиг үсгийн соёл” хи чээлийг Үндэсний номын сан дахь Эрдэм шинжилгээний уншлагын танхимаас орон даяар нэвтрүүлсэн. 2017 онд Ерөнхийлөгчийн зарлигаар есдүгээр сарын 1-нийг “Эх хэлний өдөр” болгон зарласныг уншигчид андахгүй биз. Манай улс НҮБ-д элссэний 65 жилийн ой энэ онд тохиож буй. Иймд хичээлийн эхний өдөр хүүхдүүд дээрх сэдвээр номын дуу сонсгох сурагтай.
Төрийн тэргүүн 2024 онд ХААИС-ийн хи чээлийн нээлтэд оролцож байв. Харин Ерөнхий сайд асан Г.Занданшатар өнгөрсөн онд сурагч дад захидал илгээсэн түүхтэй. Ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн хүүхдүүдэд цаасан захидал илгээхэд хэчнээн төгрөг зарцуулсан нь тодорхойгүй. Зургаан настнуудад “Чи бол эх орныхоо ирээдүй юм шүү. Сайн хүн, сайн сурагч болоорой” хэмээн их л хичээнгүйлэн захисныг өдгөө санаж байгаа нь хэд бол. Энэ мэтээр хэлбэр хөөж, худал цэцэрхэхийн оронд эрх баригчид, салбарын яамныхан нь сургуулийн орчин нөхцөлийг сайжруулж, аюул, эрсдэлгүй болгон, нэг ангид 60-уулаа чихэлдэж суухгүй, гурван ээлжээр хичээллэхгүй нөхцөлөөр хангаж өгнө үү. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тохирсон ээлтэй орчин бүрдүүлж, сурах нөхцөл, боломжийг бий болгоно уу. Боловсролын тэгш бус байдлын ялгаа тэнгэр, газар шиг алсарсаар байгааг хэн хүнгүй мэдэж буй. Үүнийг бодлогоор засаж залуурдахын оронд өнөө, маргаашаа аргацааж буйгаа юу гэх вэ. Өчигдөрхөн гэхэд УИХ-ын гишүүн Ж.Галбадрах Японоос хуучин ширээ, сандал гуйж, хоёр сургуульд өгснийг хотын дарга олзуурхан ярьж байна билээ. Өнгөрсөн намар цөөнгүй сургууль сандал, ширээ ч үгүй есдүгээр сарын 1-тэй золгож байсан. Ийм байхад ерөөсөө бидний баяр гээд суухаасаа ичих хэрэгтэй.