Олон улсад хамгийн их хөгжөөн дэмжигчтэй спортын төрөл бол мотоцикл. Энэ спортод ОУХМ П.Мөрөн хүүхэд байхаасаа хөл тавьж, амжилтын гараагаа алтан медаль авч, аваргын цом өргөж эхлүүлсэн байдаг. Тэрбээр өмнө нь мото кроссын УАШТ, Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнд цөөнгүй түрүүлж, аваргаар тодорсон. 2015 онд ОХУ-ын Зүүн Сибир болон Эрхүү, Ангарск, Улаан-Үд хотод зохион байгуулсан олон улсын тэмцээнд мөн л тэргүүлэн эх орныхоо нэрийг гаргасан юм. Австралийн Мельбурн хот дахь Күинслэндийн их сургуулийг бизнесийн удирдлага, олон улсын харилцааны мэргэжлээр суралцан төгсөж, 2020 оноос хоббигоо сэргээв. Дөрвөн жил эрдмийн мөр хөөж, мотоциклоос түр холдсон ч “Silk way” олон улсын раллид оролцож, “Rally 2”, “Junior 25”, JP ангилалд тус бүр түрүүлэн, шилдэг 10 тамирчинд олгодог “Топ 10” цомыг гардсан. Дуртай спортдоо эргэн ирснээ харуулж, фэнүүдээ огшоосон тэрбээр амжилтын буухиагаа одоо ч үргэлжлүүлсээр. Саудын Арабын Биша хотод энэ сарын 3-нд эхэлсэн авто, мото спортын олимп хэмээгддэг “Дакар ралли-2025”-д Монголоос ОУХМ П.Мөрөн мотоциклын төрөлд хурд сорьж буй.
Тэрбээр удам дамжсан тамирчин. Спортын гэр бүлд төрж, өссөн нь түүнийг хожим зах хязгааргүй үргэлжлэх элсэн цөлд хөл тавиулж, дэлхийн шилдгүүдтэй мөр зэрэгцэн уралдахад ихээхэн нөлөөлсөн гэдэг. Түүний аав А.Пүрэвдорж авто спортоор олон жил хичээллэсэн. Дотоодын 73, гадаадын 10 уралдаанд оролцож 45 алт, 19 мөнгө, долоон хүрэл медаль гардсан хүүгийнхээ хүсэл сонирхлыг аав, ээж нь багаас нь дэмжжээ. “Дакар ралли” зүгээр ч нэг хоббидоо хөтлөгдөж оролцдог тэмцээн бус. Хүн бүр уралдахыг хүсдэг ч зориг гаргах нь цөөн. Байгаль, цаг агаар, уур амьсгалын өвөрмөц, хүнд нөхцөлд тэсвэр хатуужил, ур чадвар, ухааны шандас, авьяас, амь нас, санхүү аль алийг нь шалгадаг жинхэнэ өрсөлдөөний талбар. Тиймдээ ч нэр хүндтэй, өртөг өндөртэй.
47 дахь удаагийн уралдаанд эх орноо төлөөлж оролцсон Монголын 13, мотоциклын төрөлд өрсөлдсөн долоо дахь тамирчин болсон түүний хувьд 2025 он элсэн цөлд мөрөөдлөө биелүүлэх онцгой жил байв. Түүнээс өмнө мотоциклын төрөлд Гавьяат тамирчин Д.Болдбаатар гурав, ОУХМ Н.Лхамаа таван удаа оролцсон. Манай тамирчдаас хамгийн өндөр амжилт гаргасан нь ах, дүү болох Ө.Бямбадэлгэр, Ө.Бямбацогт нар. Тэд Перу улсад 2019 онд зохион байгуулсан 41 дэх удаагийн уралдааны 5000 км-ийн зайд UTV ангилалд хүрэл медаль хүртсэн билээ. Цар тахлын дэгдэлтийн хүндхэн жилүүдэд нэг ч өнжөөгүй тус тэмцээн тамирчдад ямар их үнэ цэнтэй болохыг харуулсан.
“Дакар ралли”-д өрнөдөг адал явдал авто, мото спортынхны сонирхлыг ихэд татдаг. Тиерри Сабине хэмээх тамирчин Ливан улсад 1977 онд зохион байгуулсан раллид мотоциклоор уралдахдаа элсэн цөлд төөрч, амь аврагдсанаар “Дакар ралли”-гийн санааг олсон гэдэг. Тэрбээр Францад буцаж очоод өөрийн санаагаа хүмүүст хүргэснээр дараа жилээс нь бөмбөрцгийн булан бүрээс ирсэн шилдгүүд алдарт уралдааны уудам талд төмөр хөлгийн мөрийг анх гаргасан түүхтэй. Шубайта хотод өндөрлөх энэ удаагийн уралдаан 12 үе шаттай. 7706 км зам туулахаас 5146 км нь тусгай сорилтоос бүрдэнэ.
П.Мөрөнг зорилгоо хэрэгжүүлэхээр Саудын Арабыг зориход ойлгож, дэмжсэн олон хүн бий аж. Түүнчлэн тэмцээний үед техникийнх нь аюулгүй байдлыг хариуцан ажиллаж буй багийн нөхдийнх нь итгэл найдварыг дурдах нь зүйтэй. Гэхдээ түүнд амжилт амархан ирээгүй. Тамирчдад тулгардаг саад бэрхшээлийг ч тэрбээр даван туулаад урагшилж байгаа. “Дакар ралли”-д оролцох эрх авахаар 2021 оноос бүртгүүлсэн боловч зохион байгуулагчид нь олон шалтгаан тоочиж, гурван жил татгалзсан хариу илгээжээ. Удтал хүлээсэн уралдааны эрх нь өнгөрсөн наймдугаар сард баталгаажсанаар, бэлтгэл ажилдаа ханцуй шамласан юм. Саудын Арабт одоо 10 хоног хурд сорих хүндхэн өдрүүд түүнийг хүлээж байна. Монголынхоо үзэгчдэд уралдааныхаа бичлэгийг өдөр бүр танилцуулж буй тэрбээр цахим хуудсандаа “Өнөөдөр хэцүү байсан ч 500 км-ийн замаа амжилттай дуусгав. Уралдааны зам үнэхээр хүнд юм. “Дакар” хүмүүсээ цөөлөх төлөвлөгөөтэй байгааг ойлгосон. Маргааш 1000 км зам туулна. Миний хувьд бэлэн” хэмээн бичсэн байв.
Тэрбээр 15 настайдаа эрүүл мэндийн шалтгаанаар мото спортоос нэг хэсэг хөндийрсөн. Олон жил уралдсанаас болж элгэнд нь өөрчлөлт орсныг эмч үзээд хойшид энэ спортоороо хичээллэж болохгүйг сануулахыг сонсоод уйлж байсан гэдэг. Тэрбээр энэ тухайгаа “Австралид байх хугацаандаа амьдралынхаа хэв маягийг өөрчлөхийг хүссэн. Миний амьдардаг хотоос мотоциклын тэмцээн 100 гаруй км-ийн зайд болдог ч зорьж очоод үздэг байлаа. Энэ спортоор багаасаа хичээллэсэн болохоор холдож чаддаггүй. Залуу насаа уралдаангүйгээр төсөөлдөггүй. Оюутан байсан он жилүүдэд бэлтгэл хийж, уралдах зав гараагүй. Сургуулиа амжилттай төгсөхийн тулд хичээлдээ анхаарал хандуулсан. Зуны амралтаар гэртээ ирж, Монголд болсон тэмцээнүүдийг үзээд өөрийн эрхгүй догдолж, уралдмаар санагддаг сан. Хамт уралддаг дүү нарын ур чадвар сайжирч, бидний үзүүлдэг амжилтын цагаас хэдэн минут, секундээр илүү болчихсон байхыг хараад их баярласан. Мотоциклоор дахиж уралдахгүй нь гэж бодохоор өөрийн эрхгүй сэтгэл гонсойдог байсан би эмчээс нэг л өдөр “Та эрүүл болжээ. Санаа зовох зүйлгүй” гэдэг үг сонсоод өөртөө итгээгүй. Гайхах, баярлах зэрэгцэж эмчээсээ “Энэ миний шинжилгээний хариу мөн үү, хүнийхтэй андуурагдчихаагүй байгаа” гэж хэдэн удаа асууж билээ. Гэртээ бөөн баяр ирж аав, ээжийнхээ сэтгэлийг амраасан. Намайг мото спортод дахин хөл тавихад гэрийнхэн минь баярласан ч бэртчих вий гэхээс сэтгэл нь зовниж байгаа нь анзаарагддаг. “Silк way”-д уралдахад аав өдөр бүр холбогдож бие, сэтгэл зүйн байдлын талаар асууж, ээж ядрахгүй, тайван амарч, зөв хооллохыг зөвлөдөг байлаа.
Хүмүүс мото кроссын тамирчдыг раллид уралдахаар бэртдэг гэж ярьдаг. Миний амжилт үзэгчдийн сэтгэхүйд суусан таагүй бодлыг үргээж, энэ спортод дуртай залууст уралдах хүсэл эрмэлзэл төрүүлсэн болов уу. Хойшид мэргэжлээрээ, тэр тусмаа мото спорттой холбоотой чиглэлээр ажиллана. Одоогоор аавынхаа байгуулсан “KTM Mongolia” клубийг өргөжүүлэхээр зорьж байгаа. Миний хувьд ажлынхаа зав чөлөөгөөр бэлтгэл хийж, уралдаанд оролцдог. Аав минь “Сторм моторс” компаниа 2007 онд байгуулахдаа хүсэл сонирхол нэгтэй залуустай хамтарсан юм. Түүнээс хойш Монголд мото кроссын тэмцээнийг нэг бус удаа зохион байгуулж, тамирчдаа дэмжиж ирсэн. Манай клубийн нэрэмжит тэмцээнд оролцдог тамирчны тоо жил бүр тэлж байгаа шүү. Би Австралиас ирснийхээ дараахан “Мастер ралли 2020” тэмцээнд оролцож, мөнгөн медаль хүртсэн юм. Цар тахлын улмаас уралдааныг цуцалсан ч тэр жил “Silk way” олон улсын раллийг зохион байгуулах тов гарсан. Миний хувьд гадаадад уралдсан анхны тэмцээн байлаа. ОХУ, Монгол, БНХАУ-ын нутаг дэвсгэрт болдог уралдаан 10 хоног үргэлжлэн Монголд бариалах байсан ч хойд хөршид аваргаа тодруулсан. Өдөр бүр 600 км туулах уралдааны зам, цаг агаар амар байгаагүй тул өөрийгөө түрүүлнэ гэж бодоогүй. “Silk way”-д би ганцаараа амжилт гаргаагүй. Надаас өмнө “Adv malmoto” ангилалд Х.Тэмүүжин ах түрүүлсэн шүү дээ. Энэ ангиллын тамирчид техникээ өөрөө засах механикийн үүргийг давхар гүйцэтгэдэг. Миний хувьд сүүлийн өдөр хамт уралдсан тамирчдаас тасарч, цаг, минут, секундээр түрүүлж давхисан. Тиймээс алдаа гаргахгүй, тайван уралдаж барианд орохыг зорьж байв. Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэртэй ойролцоо газраар давхихад өндөр уулс харагдаж сэтгэл сэргээсэн. Сүсэглэж, залбирсан намайг нутгийн уулс түшиж, бэртэж болзошгүй хад, асгатай замд унагахгүй тогтоогоод байгаа мэт санагдаж байлаа. Тус раллид 25 дугаартай, КТМ брэндийн 2016 онд үйлдвэрлэсэн “Rally replica 450” мотоциклоор уралдсан юм. Гадаадын тамирчид харчхаад “Монголын тамирчид ямар хуучин мотоциклоор уралддаг юм бэ” гээд гайхан ярихыг сонссон. Анх удаа оролцож байгаа надад тэдэн шиг шинэ мотоциклтой уралдах зардал байгаагүй. ОУХМ Э.Амгалан ахын мотоциклоор уралдаж, гурван ангилалд түрүүлсэндээ баярладаг.
Миний хувьд түрүүлэхээс илүү ухаан, ур чадвараа дайчлан гаргахыг хичээдэг. Уралдахын хажуугаар Монголоос оролцсон багийнхаа менежерийн ажлыг давхар гүйцэтгэж явахдаа олон зүйл судалсан. Тамирчид хаана ч явсан хэлний мэдлэгтэй байх нь чухал. ОХУ-ын спортын сэтгүүлчид надаас ярилцлага авахдаа “Чи Хятадын тамирчин уу” гэж асуухад “Үгүй ээ, би Монголынх” гээд уралдааны хувцас дээрх Төрийнхөө далбаа руу заадаг байлаа. Өвөө, аав хоёр авто, мото спортын аль алинаар нь уралддаг байсан нь намайг энэ спортод хөл тавихад нөлөөлсөн. Би мото спорттой 10 гаруй жил нөхөрлөж байна. Хичээллээд удаагүй байхдаа бэлтгэл шаргуу хийж, богино хугацаанд амжилт гаргасан. Анхны цом, медаль маань надад цаашид уралдах, урам өгч билээ. Мотоциклтой давхих үедээ эрч хүчийг мэдэрч, тэс өөр хүн болдог. Алжаал ядаргаа, ажлын стрессийг ч мартдаг. Энэ ташрамд, мото спортоор сонирхож хичээллэдэг хүүхэд, залуус зориод ирвэл дэмжиж, мэддэг, чаддаг зүйлээрээ харамгүй тусална” хэмээн өгүүлсэн юм.