Хөгжиж буй орнуудад цөмийн эрчим хүчний төслүүдийг санхүүжүүлэхэд тавьсан хоригоо Дэлхийн банкныхан 12 жилийн дараа цуцаллаа. Олон улсад цахилгаан эрчим хүчний хэрэгцээ жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа тул уг эрэлтийг шийдвэрлэх үүднээс тэд дээрх салбарын стратегидаа томоохон өөрчлөлт хийж буйгаа тус банкны ерөнхийлөгч Ажай Банга мэдэгджээ.
Дэлхийн банкны ТУЗ энэ сарын 10-нд хуралдсаны дараагаар ийн шийдвэрлэсэн бөгөөд хамгийн том хувьцаа эзэмшигч болох АНУ-ын эрчим хүчний төрөлжсөн стратегийн бодлоготой нийцэж байгаа аж. 2035 он гэхэд эрэлт хэрэгцээ нь хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байгаа улс орнуудад цөмийн эрчим хүчийг дэмжих боломжийг ийнхүү нээжээ. Хөгжиж буй орнуудын эрчим хүчний хэрэгцээг хангахын тулд энэ салбарт жил бүр 280 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа гэнэ. Дэлхийн банк Олон улсын атомын энергийн агентлагтай хамтран ажиллаж, одоогийн цөмийн реакторуудын ашиглалтын хугацааг уртасгах, жижиг модульт реакторуудынхыг түргэсгэх, эрчим хүчний сүлжээг шинэчлэхэд хөрөнгө оруулах юм байна.
2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтыг 22.7 хувьд хүргэж, бууруулах хариуцлагатай амлалтыг НҮБ-ын индэр дээрээс зарласан Монгол Улсын хувьд үүндээ хүрэхийн тулд хамгийн том өөрчлөлт, шинэчлэл хийх шаардлагатай салбар нь эрчим хүч. Тэр дундаа нүүрс, шахмал түлшийг халахад цөмийн эрчим хүч томоохон байр суурь эзэлж эхэлсэн энэ цаг үед ураны нөөцөөрөө дэлхийд эхний 10-т бичигддэг манай улс ухаалаг нүүдэл хийж чадвал үр өгөөж нь мундахгүй. Монгол Улс өнгөрсөн нэгдүгээр сард Франц Улстай ураны төсөлд хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурж, энэ салбартаа “толгой цохидог” Казахстан улсын сайн туршлага, Европын Холбооны стандартад нийцсэн олборлолтын шинэ техник технологи, ноу хауг нутагшуулахаар болсон билээ. Монголчуудын хувьд “салхи зөв эргэсэн” энэ чухал үед Дэлхийн банк ч цөмийн эрчим хүчний төслүүдийг санхүүжүүлэхэд тавьсан хоригоо цуцалсан нь бо¬ломж гэж харах бүрэн үндэслэлтэй.
Г.Сансар