Монголчуудын хотол олноороо наадан цэнгэдэг эрийн гурван наадам хаяанд ирлээ. Төрийн их баяр наадмын зүлэг ногоон дэвжээнд зодоглох хүчит бөхчүүд, сурын алтан шар зурхайд цэц сорих эрхий мэргэчүүд, шагайн асар дэрвэтэл уухайлан сум тавих харваачид гал болон нэгдэж, бэлтгэлээ базааж эхэлжээ.
Наадмын нээлтийн ёслол болон бусад үйл ажиллагаанаас хамаарч, Төв цэнгэлдэхийн талбайд амьд зүлэг дэвсэх боломжгүй талаар албаныхан мэдээлсэн тул Монголын үндэсний бөхийн холбооноос шинэ хиймэл зүлгийг туршиж үзэхээр болсноо өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн билээ. Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар наадмын өмнө Төв цэнгэлдэх хүрээлэнд туршилтын барилдаан зохион байгуулж, бөхчүүдийн саналыг сонсоно хэмээсэн тул бөхчүүд хиймэл бороожуулагч ашиглаж, туршилт хийн барилдааны бэлтгэлээ хийв.
Өнгөрсөн жилийн наадмаар Төв цэнгэлдэхийн талбайд шинэчилж тавьсан хиймэл зүлэг нь тачир, нимгэн, дүүргэгч бодисгүй, гялгар байсан тул бороо ороход бөх, засуулууд халтирч, зарим нь хүндхэн бэртэж, гэмтсэн. Бөхийн барилдаан үзсэн наадамчин олон шүүмжилж, зүлгийг нь дахин солих талаар нэг бус удаа сануулсаар байв. Энэ удаа талбайд байрлуулсан шинэ зүлэг нь 1.3 тэрбум төгрөгийн өртөгтэй гэнэ.
Бөхчүүдтэй холбоотой асуудал нь зөвхөн зүлэг бус, ая тухыг нь хэрхэн хангаж байгааг ч Монгол бөхийн холбооны удирдлагууд зохион байгуулах хороо болон наадмын нээлт, хаалтын найруулагчтай ярилцсан. Бөхчүүдийн эрх ашиг зөрчигддөг талаар жил бүр ярьдаг байсан болохоор энэ удаа өөрөөр шийдвэрлэхээр болжээ. Бөхчүүдэд зориулсан тусгай хэсэг бий болгосон ч том дэлгэц байрлуулахгүй. Бөхчүүд хиймэл зүлэг дээр барилдахад халтиргаа тодорхой хэмжээгээр байх тул анхаарал болгоомжтой байж, хувийн бэлтгэлээ сайтар хангах хэрэгтэй хэмээн өгүүлэв. Төв цэнгэлдэхийн талбайд энэ удаа дэвссэн зүлэг нь олон улсад итгэмжлэгдсэн спортын зориулалттай, таван см өндөртэй, дотроо дүүргэгч резинтэй, бороо орсон ч ус тогтоохгүй шингээгчтэй, унаж бэртэхээс хамгаалсан зөөллөх зориулалттай, элдэв бодис, үнэр, тоос ялгаруулахгүй, баталгаажсан тусгай бичиг баримттай иржээ.